Д. Сумъяабазар: Би дээшээ өгсөөгүй. Албан тушаал ахих дур сонирхол байхгүй. Эрсдэл дундуур явж байна
Үйл явдал
/
2020-10-23

НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийсэн. Хуралдааны эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон бол Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн зүгээс Д.Сумьяабазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа нэр дэвших асуудлыг оруулж ир гэдэг санал гаргасан юм.  Мөн НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваагийн өөрт нь хандсан асуултад Улсын их хурлын гишүүн Д. Сумъяабазар хэрхэн хариулсаныг хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Улсын их хурлын гишүүн Д. Сумъяабазар:

Баянзүрх дүүрэг нийслэлийн төсөвт 25 тэрбум төгрөгний санхүүжилтийг оруулж ирдэг. Харин Сонгинохайрхан дүүрэг хасах 13 тэрбумыг татаасаар авдаг. Ийм санхүүгийн бололцоотой дүүрэгт би найман жилийн дараа анх удаа орон нутгийн сонгуулиар очиж үзэхэд хүнд байна. Гудамж талбай, хөрөнгө оруулалтын асуудал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Сонгинохайрхан дүүрэг сургууль цэцэрлэгийн хүрэлцээгээрээ нэг хоёрт явж байхад, Баянзүрх дүүрэг долоо, наймд явж байх жишээтэй. Үүн дээр би судалгаа хийлгэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж байгаа. Энэ асуудлууд дээр бүгдээрээ хамтдаа ажиллана. Гэхдээ  өөрсдийн сонгогдсон дүүрэг орон нутагтаа төлөөлөгчид сэтгэлтэй байх ёстой. Би Баянзүрх дүүргийг тийм хэмжээнд байна гэж бодоогүй, гайхсан учраас та бүхэнд ярьж байгаа юм аа. Бидний ажил намын бодлого дүрэм зарчим дээр суурилаж явна.

Иргэдийн төлөөлөгчдийн энэ танхим дотор улс төржүүлэлт гаргахгүйгээр цаашлаад их хотын амьдрал сая 500 мянган хүний амьдралын тулгамдаж буй, хүрэлцээ хангамжийн талаарх асуудлыг шийдэхийн тулд та бүгд  энэ танхимд сууж байгаа, миний бие ч гэсэн зориг гаргаад их хурлын танхимаас энд орж ирээд зогсож байна. Хэрэв нөхөр Пүрэвдаваа байсан бол яах байсныг би мэдэхгүй. Ядуурал, ажилгүйдлийн түвшин “Ковид”-тэй  холбоотойгоор улсын хэмжээнд ер нь өндөр байна. Хувийн хэвшлүүд хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ бид  хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бодлого шийдвэрүүд гаргаад явна.

Намчирхаад талцаад байх зүйл энд байхгүй, би өнөөдөр энд нэг харагдчихаад алга болдог хүн бол биш ээ. Тийм учраас үгэн дээрээс үг хайх гээд хэрэггүй, үнэхээр сэтгэл нийлээд ажиллая гэвэл би дэмжинэ. Тэгэхгүйгээр улс төр хийгээд явбал би ч гэсэн улс төр хийгээд явж чадна. Тийм учраас бүгдээрээ үүн дээрээ ойлголцоод Улаанбаатарчуудын эрх ашиг, хотын иргэдийн эрх ашиг, тухайн сонгогдсон тойргийн иргэдийн эрх ашиг гэдгийг илүү сайн ухамсарлаад өгөөч гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Цэвэрлэх байгууламжийн ажил хийгдээд явж байна. Би бол Хүнд үйлдвэрлэлийн сайд энэ ажил нь миний хариуцсан салбар биш. Гэхдээ барилга хот байгуулалтын  яамны зүгээс болон Сангийн яамтай хамт хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын явц хурдацтай байгаа. Энэ талаар одоо нарийн яриад хэрэггүй байх, засгийн газар үйл ажиллагааг нь  дэмжээд, хөрөнгө оруулалт хийгдээд  ажил сайн явж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт үнэр алга болсон, мэдээллийг мушгиж болохгүй ээ. Манай Сонгинохайрхан дүүргийг хэтэрхий битгий доошоо хийгээч ээ. Иргэдийн хурлаас төлөөлөгчийн хувьд улсын их хуралд гишүүний хувьд миний сонгогдсон тойрог. Тийм учраас энэ дүүрэг орон нутгийн аж амьдрал бол дээшилж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.