АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол нэг өдөрт 83,757 бүртгэгджээ
Үйл явдал
/
2020-10-26

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-д коронавирусийн халдварын 83,757 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн дээд үзүүлэлт байв. Долдугаар сарын дундуур өдөрт 77,300 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт байжээ. Тэгвэл Бямба гарагт 83,718 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр өдөр дараалан 80,000-ыг давсан байна. Тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд ирэх өвлийг маш хүнд болно хэмээн анхааруулсаар байгаа юм.

Сэрүүний улирал ирсэнтэй холбоотой иргэд гадуур явах нь багасаж, дотор орчинд ихэнх цагийг өнгөрөөх болсон нь сүүлийн үед вирусийн халдвар огцом нэмэгдсэний шалтгаан гэж тэд дүгнэж байна. Баасан гарагийн байдлаар АНУ-ын өрнөд болон дундад өрнөдийн голдуу 13 мужид эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрчээ. Нийт 35 мужид долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нь огцом өссөн байна.

АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн, доктор Энтони Фаучи өчигдөр хэвлэлд ярихдаа коронавирусийн эсрэг вакцины туршилтын эцсийн үр дүн арванхоёрдугаар сарын эхээр тодорхой болох ч бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны сүүлийн хагасаас наашгүй гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 8.6 сая, нас барсан өвчтөний тоо 225 мянга гараад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.