Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШУТИС-ийг Эрдэнэт рүү шилжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-26

Ингэснээр олон боломж нээгдэх талаар салбарын яамнаас мэдээлж буй. Тухайлбал, цаасан журналын оронд сурагчдын дүн, сургалтын явцын талаар гэх мэтчилэн хичээлийн сургалтын үйл ажиллагааны бүх мэдээллийг esis.edu.mn хаягаас авах боломжтой болоод буй. Түүнчлэн цахим шилжилтийг хийхэд БШУЯ хувийн хэвшлийн найман компанитай хамтран ажиллаж байгаа юм. Уг ажлын явцыг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. 

Тэрбээр "Гэрээ байгуулсан найман компанийн зургаа нь ерөнхий боловсролын 90 сургуулийн сургалтын удирдлагын системийг хөгжүүлж ажиллаж байгаа. Тухайлбал,

  • ECM компани "Их нүүдэл" системийг хөгжүүлж, 18 сургууль дээр ажиллаж байна. Одоогоор системд 22 удирдлага, 279 багш, 1,453 сурагчийг бүртгэсэн. Багш нартай хамтран цахим контентыг хэрхэн бэлтгэх талаар судалж байна.
  • ICT групп 15 сургууль дээр хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд дэд бүтцээ 100 хувь бэлдсэн. Системийг хэрхэн ашиглах гарын авлагыг гаргасан. 
  • MEGSIM компани 14 сургууль дээр системээ нэвтрүүлж, 228 анги, 883 багш, 7,263 сурагчийг бүртгээд байгаа. Багш нар, цахим анги танхимаа бэлтгэсэн, сургалтуудаа хийсэн. 
  • Амжилт.ком 10 сургуульд хөгжүүлэлт хийхээр гэрээ байгуулснаас одоогоор долоон сургууль дээр хөгжүүлэлт хийж байна. 22 удирдлага, 732 багш, 15,542 сурагчийг бүртгэж байгаа. Үлдсэн гурван сургуулийнх нь хуучин системийг ашиглах уу, эсвэл шинэ систем нэвтрүүлэх үү гэх талаар яриа хэлэлцээрийг хийж байгаа. 
  • Гранд IT компани 21 сургуулийн 63 удирдлага 1,600 багш, 18,000 гаруй сурагчийг бүртгэсэн. 
  • A Plus компани орон нутгийн сонгогдсон сургуулиудад системээ нэвтрүүлсэн" гэлээ.

Харин Гэрэгэ системс үдийн цай болон түрээсийн сурах бичгийн бүртгэл хяналтын системийг хөгжүүлж байгаа бол TomYo Edtech компани ахлах ангийнхны хичээлийг байршуулах боломжийг бүрэн хангахаар ажиллаж байгаа юм. 

"Цахим сургалтад шилжсэнээр боловсролыг тэгш хүртээх боломжтой болно. Олон улсын хөтөлбөртэй сургуулийн хичээлийг жирийн сургуульд суралцаж буй хүүхдүүд бие даан суралцах боломжийг бүрдүүлж байгаа" хэмээн БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр мэдэгдлээ.  Мөн яамнаас их  дээд сургуулиудад  хийж буй шалгалт , хотоос нүүлгэх талаарх мэдээллийг хүргэлээ.

Зарим  сургуулийг хаах гэж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Ер нь бүх их дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшил,улсынх гэж ялгахгүйгээр шалгаж байна. Хаагдаж буй сургуулиудын хувьд суралцагчид болоод боловсон хүчин багшгүй болсон сургуулиуд хамааралтай. Эдгээр сургуулиудад суралцаж байсан оюутнуудыг бусад сургуулиудын ижил хөтөлбөрт нь шилжүүлэн суралцуулах зэрэг боломжит арга хэмжээг авч ажиллана.  Боловсролын яамнаас чанаргүй сургуулиудыг хаах бодлого барьж байгаа бөгөөд ашиг олохын тулд хэт их өргөжиж сургалтын чанар алдагдаж буйд анхаарал хандуулан, олон чиглэлт үйл ажиллагааг ангилан чанаржуулна.

ХААИС-г Дархан-Уул аймаг руу шилжүүлэх үйл ажиллагааг хоёр жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд  дөрвөн хөтөлбөрийг шилжүүлсэн. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэл нь цаашдаа Дархан-Уул аймагт байрлах нь илүү ашигтай гэж үзсэн байна.

Мөн ШУТИС-ийг Эрдэнэт хотруу  шилжүүлнэ. Ер  нь уул уурхай, технологи чиглэлийг Эрдэнэт хот болон Дорноговь руу шилжүүлнэ.

Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн сургуулиудыг  Дорнод, Ховд аймаг руу гэх мэтчилэн эдгээр  5 аймгуудад салбар чиглэлээр нь шилжүүлэх  бодлогыг баримтлан ажиллана. Мөн МУИС-ийг  Хууль, Нийгмийн ухаан чиглэлээр нь дагнуулж, Байгалийн ухаан болон Шинжлэх ухаан, Технологийн салбар сургууль, хөтөлбөрийг ШУТИС-т шилжүүлэх зэргээр өөр өөрсдийн чадавхижсан чиглэлд  дагнуулах бодлого баримтална гэдгийг Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.