Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэлхийн банкны дэд ерөнхийлөгчтэй /2020.10.22/ өдөр цахим уулзалт хийлээ
Үйл явдал
/
2020-10-28
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Дэлхийн Банкны 2020 оны жилийн уулзалтын хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд Дэлхийн Банкны Дэд Ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква, Банкны Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч ноён Алфонзо Гарсиа, Банкны Бүс нутаг хариуцсан захирал ноён Мартин Рейзэр, мөн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Андрей Михнев нартай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар КОВИД-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2021 оны төсвийн төсөөллийг танилцуулав. Монгол Улсад хэрэгжүүлэх Дэлхийн банкны ирэх 5 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар хоёр тал санал солилцлоо.

Дэд ерөнхийлөгч хатагтай В.Кваква шинэ Засгийн газарт болон Сангийн сайдаар улиран томилогдсонд халуун баяр хүргэж, оновчтой шийдвэр байсныг онцлов. Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж байгаад Дэлхийн Банкны зүгээс таатай хүлээн авч байгаагийн зэрэгцээ Засгийн газрын шинэ бодлого, стратегийн хүрээнд дорвитой алхам хийхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн КОВИД-19 цар тахлыг одоог хүртэл дотооддоо алдахгүйгээр  зөв зохистой арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч чадсан Засгийн газарт баяр хүргэж, Дэлхийн банкнаас гаргадаг Хүмүн Капиталын индексээр Монгол Улс 61%-тай байгаа нь бүс нутгийн орнуудын дундаж (58%), дэлхийн улс орнуудын дунджаас (56%) өндөр байгааг онцоллоо. Энэхүү индеск нь иргэдийн боловсрол, эрүүл мэнд, мэдлэг чадвар зэрэг үзүүлэлтийг харгалзан Дэлхийн банкнаас гаргадаг тайлан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.108.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.