Дотоодын цэргийн штаб, зарим албадад маршийн хөгжим гардуулж өглөө
Үйл явдал
/
2020-10-29
ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, ЗАРИМ АЛБАДАД МАРШИЙН ХӨГЖИМ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас “Цагдаа” маршийн хөгжим бүтээх уралдааныг зарласан билээ.

“Цагдаа” маршийн хөгжим бүтээх уралдаан нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын болон үлээвэр хөгжимд анх удаа зохион байгуулагдаж байгаа түүхэн үйл явдал бөгөөд шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сарын 12-ны өдөр болсон юм. Тус уралдаанд Монгол Улсын Ардын жүжигчин П.Хаянхярваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх, Т.Эрдэнэ-Очир тэргүүтэй 15 хөгжмийн зохиолчийн 16 цагдаагийн маршийн хөгжмийн бүтээлүүд өрсөлдсөн.

Уралдааны тэргүүн байрт Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий хормейстр, Соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэцог “Цагаан шонхорын тэмүүлэл”, дэд байрт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонтогтоол “Цагдаагийн тангараг”, гутгаар байрт ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Эрдэнэ-Очир “Түмний хүү Цагдаа” марш тус тус шалгарчээ.

Ийнхүү өнөөдөр /2020.10.28/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын концертын танхимд Дотоодын цэргийн штаб, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадуудад маршийн хөгжим гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрэдэнэбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Товуудорж, Мөрдөн байцаах албаны Дэд бөгөөд дүн шинжлгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв болон алба хаагчид оролцлоо.

Дотоодын цэргийн штабт Монгол Улсын Ардын жүжигчин П.Хаянхярваагийн “Дотоодын цэргийн жавхлант марш”, Эрүүгийн цагдаагийн албанд Соёлын тэргүүний ажилтан А.Алтансүхийн “Эрүүгийн цагдаагийн алдар”, Мөрдөн байцаах албанд Соёлын тэргүүний ажилтан Н.Даваасүрэнгийн “Мөрдөгчийн гавьяа”, Тээврийн цагдаагийн албанд Соёлын тэргүүний ажилтан Т.Мөнхтунгалагийн “Замын цагдаа”, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Соёлын тэргүүний ажилтан Г.Батдоржийн “Журамт цагдаа” маршийн партитур, CD-г тус тус гардууллаа.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.