Туркийн Измир хот, Грекийн Самос аралд хүчтэй газар хөдлөлт болжээ
Үйл явдал
/
2020-10-31

Орон нутгийн цагаар Баасан гарагийн үдээс хойш Эгийн тэнгист хүчтэй газар хөдөлснөөс Туркийн эргийн хот, Грекийн арлын оршин суугчид хохирол амссан байна. Туркийн Измир хотын 20 барилга нурж, 17 хүн амь үрэгдэж, 709 хүн бэртэж гэмтжээ. Измир нь 4.5 сая оршин суугчтай, амралт, аялал жуулчлалын төв юм. Нас барсан хүний тоо цаашид өсөх магадлалтай байгааг Измир хотын дарга мэдэгджээ. Эрэг хавийн Борнова, Байракли хотуудад мөн нэлээд хэмжээний хохирол учирсныг Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Измирээс эргээс холгүй оршдог Грекийн Самос арал дээр барилгын хана нурснаас сургуулиасаа харьж явсан өсвөр насны хоёр хүүхэд дарагдан амиа алдаж, 19 хүн бэртжээ. Уг арал дээр 45,000 орчим хүн амьдардгийн 7,000 орчим нь гадаадаас ирсэн дүрвэгчид юм.

Самос арал өндөр барилгагүй тул хохирол харьцангуй бага байгааг мэдээлжээ.Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн эргээс 17 км зайд, Самос арлаас хойш 16 км зайд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын геологийн алба 7.0 магнитуд гэж хэмжсэн бол Европын Газар дундын тэнгисийн Сэйсмологийн Төв 6.9 магнитуд гэж хэмжжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.