УИХ дахь Ардчилсан намын бүлэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна
Үйл явдал
/
2020-11-02

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.11.02/  даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын  шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын өргөн барьсан хоёр хувилбараар мэдээлэл сонсов.

 Нэг. Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. АН-ын бүлгийн гишүүд Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор зарчмын ач холбогдолтой дараах 5 чиглэлийн зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төслүүдэд тусгуулах нэгдмэл байр суурийг баримтлан ажиллах болно. Үүнд: 1) Шүүхийн тогтолцоо. Шүүхийн хэвтээ тогтолцоог бүрдүүлж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх тус бүрийн бие даасан байдлыг бататгасан, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх Улсын дээд шүүхийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд тусгах. УДШ-ийн чиг үүрэгт нийцүүлэн тус шүүхийн шүүгчдийн тоо болон танхимын бүтэцтэй байх эсэхийг нарийвчлан тогтоох. Дагнасан шүүхийн тогтолцоог цаашид улам өргөжүүлж, зарим шүүхийг тойргоор байгуулах асуудлыг шийдвэрлэх. 2) Шүүгч, түүний томилгоо. Шүүгч, тэр дундаа УДШ-ийн шүүгчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг тодорхой болгож, шүүгчийг бэлтгэх, сонгон шалгаруулах ажиллагаанд Монголын хуульчдын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 болсонтой холбогдуулан Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг нэмэлт бүтцийг бий болгохгүй байх. УДШ-ээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгож томилох.

3) Шүүх бүрэлдэхүүнийг томилох журам. Тодорхой хэрэг, маргааныг шүүгчид хуваарилах, хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам, мөн хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу тухайн хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй байдлаар буюу сугалааны аргаар тодруулах боломжийг Шүүхийн тухай хуульд нарийвчлан зохицуулах.

4) Шүүгчийн сахилга, хариуцлага. Шүүхийн сахилгын хороо орон тооны байх, тус хорооны шийдвэр эцсийн буюу шүүхээр дахин хянагдахгүй байх зохицуулалтыг бүрдүүлэх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу хариуцлага тооцож буй одоогийн зохицуулалтыг нэн яаралтай хүчингүй болгох. 5) Шүүхийн захиргаа. Шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас зааглах бодлогыг цаашид үргэлжлүүлж, Улсын дээд шүүх рүү захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэхгүй байх.

 

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн төслийг маш чухал төсөл гэж дүгнэн, хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ ойлгомжгүй, тодорхойгүй заалт олон байгаа учраас хуулийн төслийг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, хот аймгийн хоорондын уялдаа ямар байх, засаг захиргааны нэгжээс чиг үүргийг тухайн үед нь шилжүүлнэ гэдэг нь яг ямар чиг үүргийн шилжүүлж болох тухай нарийвчилсан заалт алга. Дагуул хотын талаар хэрхэн зохицуулсан, дэд бүтэцтэй холбоотой асуудалд стандарт заавал байх ёстой, гэтэл стандарт гэдэг үг энэ хуулийн төсөлд  нэг ч дурдагдаагүй.  Хот байгуулалтын бүсчлэлээрээ 9 бүс бий болж байна. Орон сууцны, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, зуслан  гээд энэ бүстэйгээ холбогдуулаад  газар олголт нь яаж шийдэгдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй  гэх зэргээр гишүүд санал хэллээ.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа  хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно.

 

 

   УИХ дахь Ардчилсан намын бүлэг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.