Дарханы замын эхний ээлжийн 91,3 км АВТОЗАМЫГ НЭЭНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-03

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ. Тус замыг нээх үеэр Зам тээврийн яамнаас 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх юм байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн.

Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар есдүгээр сард хэлж байв.

Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Тус хоёр багцын 91.3 км замын 18 км-т гүүр, хоолойн ажлыг эхлүүлж, хуучин замыг хуулаад ажил зогсжээ. Тиймээс I, III, V багцын ажил дуусаж, хөдөлгөөн нээхтэй зэрэгцэн хуучин замын эвдрэлийг нөхөж, зам хуулсан хэсэгт түр зам тавиад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаагаа ЗТХЯ-наас мэдээлж байсан юм.

Хоногт 5,800 оргил ачаалын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл авто машин зорчдог өндөр ачаалал бүхий Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.