Коронавирусын вакцин гарвал худалдан авах орнуудын Дөрөвдүгээрт Монгол орон багтсан
Үйл явдал
/
2020-11-03

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хоёрдугаар давалгаа гарсныг анхааруулж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Улсын Их Хуралд  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан.

 Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Хөдөлмөрийн үндэсний намын” төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэх, вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулсан. Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар нөөц төлөвлөгөө байгаа. Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг ч баталсан. Манай улсыг нөхцөл байдлыг зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан гэв. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн учир вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой талаар хариуллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.