ХЭҮК-ийн гишүүд ЦААЗЫН ЯЛЫГ ДЭМЖИХГҮЙ гэдгээ илэрхийллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-05

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг нэлээд эрчимтэй гаарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд ЦААЗААР АВАХ ЯЛ" оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлж хууль зүйн яам руу удаа дараа бичиг илгээсэн ч нааштай хариу авч чадахгүй байгаа. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ийн зөвлөлд нэр дэвшигчдийг танилцуула хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын "ЦААЗЫН ЯЛЫН ТАЛААР" ямар бодолтойг асуухад 

Хуульч Ж.Хунан:

-Цаазын ялыг би хувьдаа дэмждэггүй. Цаашдаа  ч үүний эсрэг байна. Олон улсад ч тэр Монголд хийсэн судалгаанаас харахад цаазын ял  нь гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлдэггүй нь батлагдсан. Цаазын ял нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог. Тиймдээ ч төрд хүний амийг санаатайгаар авах эрхийг хэн ч олгоогүй. Угаасаа ийм эрх  ч байж болохгүй.

Шинжээч Г.Нарантуяа:

-Хэрэв Монгол Улс цаазын ялыг зөвшөөрлөө гэж бодоход хүнлэг энэрэнгүй байх зарчмыг тунхагласан Үндсэн хуульд нийцэхгүй.  Хоёрдугаарт энэрэнгүй төрийн зарчим нь  хүн төрөлхтний ёс зүйн чухал үнэт зүйл. Үүнийг бид хамгаалах ёстой болохоос одоо байгаа төвшнөөсөө доошоо унаж болохгүй.

Хуульч, судлаач Б.Энхболд:

-Цаазаар авах ялыг дэмждэггүй. Цаазын ял нь буцаагаад нөхөж залруулж болдоггүй ял шийтгэлийн нэг хэлбэр. Ер нь Монгол Улсын Эрүүгийн бодлого нь бие махбодын шинжтэй ял шийтгэлийн бодлогоос татгалзаад тодорхой хугацааг өнгөрөөсөн.

Хуульч Х.Мөнхзул

-Миний хувьд ч мөн адил цаазаар авах ялыг дэмждэггүй. Учир нь цаазаар авах ял нийгэмд хор хөнөөлтэй хамгийн харгис ял. Монгол Улс  цаазаар авах ялыг халах олон улсын гэрээнд нэгдэн орсон. Тиймдээ ч энэ гэрээнээсээ ухрах үндэслэл байхгүй гэж үзэж байна.  Цаазын ял нь гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Төр өөрөө хүний суурь эрх болсон амьд явах эрхийг хязгаарлах нь зохисгүй. Нөгөө талаасаа иргэдийн зүгээс хүүхдийн эсрэг ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг дээр цаазаар авах ялыг дэмжсэн өнгө аяс харагдсан. Үүнээс харахад ураг төрлийн хооронд үйлдэгддэг бэлгийн хүчирхийлэлд цаазын ялыг ашигласнаар энэ төрлийн гэмт хэрэг улам далд хэлбэр рүү шилжих эрсдэлтэй гэж харж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид:

Цаазаар авах ялыг хоёр үндэслэлээр дэмждэггүй. Нэгдүгээрт олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс зохих журмын дагуу нэгдэн орсон. Түүнээс татгалзах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа урьдчилан сэргийлэх  дадал чадвар хандлага суулгахыг эрмэлзэх зорилготой. Харин цаазаар авах ял нь энэ зорилгодоо хүрэхгүй. Ямарваа нэгэн жигшүүрт гэмт хэрэг гарахаар иргэдийн зүгээс  цаазаар авах ялыг сөхөж ярьдаг учраас үүнтэй холбоотой зөв мэдээлэл ойлголтыг иргэдэд өгөх шаардлагатай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.