Багшийн амийг хөнөөсөн террорист халдлагыг магтан сайшаасан хүүхдүүдийг Францын эрх баригчид шалгаж байна
Үйл явдал
/
2020-11-07

Өнгөрсөн сард Францын нийслэл Парис хотын захад дунд сургуулийн багш Самуэл Пати бусдын гарт зэрлэгээр алагдсан билээ. Түүх, газар зүйн багш байсан тэрбээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хүүхдүүдэд хичээл заахдаа исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлснийхээ төлөө чечень гаралтай залууд алагдсан юм. 2015 онд Францын хошигнолын сэтгүүл Шарли Эбдо уг зургийг анх нийтэлснийхээ дараа террорист халдлагад өртөж байв.

Тэгвэл Самуэл Патигийн аллагаас хойш сар хүрэхгүй хугацаанд Франц даяар уг террорист халдлагыг олон нийтийн дунд магтаж, зөвтгөсөн 66 тохиолдол гарсныг илрүүлэн шалгаж байгааг тус улсын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин саяхан парламентад мэдээлжээ.

Тэдгээр тохиолдлуудын ихэнх нь 12-16 насны хүүхдүүдийн үйлдсэн хэрэг болохыг тэр хэлсэн байна. Пүрэв гарагт Марсейл хотын прокурор 14 настай афган үндэстэн хүүг байцаасныхаа дараа хараа хяналтдаа авах шийдвэр гаргажээ. Тэрбээр анги дотроо багшийн аллагыг магтан сайшааж, өөрөө ч гэсэн адилхан арга хэмжээ авах байснаа ярьсан юм байна.

Марсейл хотын дунд сургуулиудад нийтдээ долоон ийм тохиолдол илэрсний гуравт нь “террорист үйлдлийг зөвтгөсөн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгааг орон нутгийн боловсролын газар мэдээлжээ.

Мягмар гарагт Францын зүүн бүсийн Страсбург хотын прокурорууд Самуэл Пати багшийн аллагыг хүмүүсийн дунд зөвтгөж ярьсан 12 настай хоёр хүүхдийг шалгаж эхэлснээ мэдээлсэн байна. Тус хотод найм, есөн настай хоёр хүүхэд мөн алагдсан багшийг “хүртэх ёстой зүйлээ хүртсэн” гэж ярьсныг илрүүлэн шалгаж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.