ТОЙМ: ХИЛ НЭВТЭРСЭН ХЯТАДУУДТАЙ, ДОТООДДОО КОРОНАТАЙ ДОЛОО ХОНОГ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-11-07
Улстөрч.мн сайтад өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлсэн, Хятадуудыг цагдаагийн хамгаалалттай нийслэлээс гаргасан, дотооддоо коронавирус илэрсэн зэрэг өрнүүн их явдал нэгэн 7 хоног өнгөрлөө.

 

  1. ЗАМЫН-ҮҮДЭЭС ХЯТАДУУДЫГ НИЙСЛЭЛ ХОТООР ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛЭЭ

Цар тахалын хорио цээртэй байх үед Ерөнхий сайд хил нээхгүй, зөвхөн чартер нислэгээр иргэдээ татан авна гэсэн боловч энэ сарын дөрөвний өдөр БНХАУ-ын иргэдийг Замын-Үүдийн боомтоор 16:00 цаг орчмын үед хил нэвтэрсэн гэх мэдээллийн дагуу манай сайт газар дээрээс нь шууд дамжуулалт хийж, очих газар болон ямар зорилгоор орж ирсэнийг тодруулах явцад цагдаагийн хамгаалалт гарч, автобустай Хятадуудыг цааш явуулсан юм.

2.ДОТООДОД ИЛЭРСЭН КОРОНАВИРУС ИЛЭРСЭН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт дотоодоос коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод ажиллаж байсан сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Сүүлийн багийн сувилагчаас коронавирус илэрсэн. Гэхдээ хяналтын буюу тусгаарлалтын хугацаанд байх хугацаанд халдвар илэрсэн. Тэгэхээр манай сувилагч гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа. Бид хаана халдвар алдагдсаныг шалгаж байна. Тухайн хүнийг тусад нь тусгаарлаж байгаа. Бусад таван хүнийг ажиглалтад байлгаж байна” гэх мэдээлэл өгсөн юм.

 

 3.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ ОХИНЫХОО СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРИЙН МӨНГӨНӨӨС ГАРГУУЛСАН

“Эрдэнэт үйлдвэр” Шилэн Цогоо нэрээрээ танигдсан Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан, МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар баримтуудыг шилэн дансны мэдээлэлд тулгуурлан дэлгэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн гэдгийг мэдээлсэн юм. Мөн нэг ширхэг унадаг дугуйг 20 сая төгрөгөөр худалдан авсан, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” номоо шахсан зэрэг мэдээллийг дэлгээд байна.

4.УОК-ын шийдвэр гарсан шийдвэрүүд

Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасны дагуу УОК-ын шуурхай штаб тус аймгуудад очиж ажиллажээ. УОК-ын хурлаар боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг чиглэл өгч, үйлчилгээний газар, албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад маск заавал зүүх, ариутгалын ажил сайн хийх шаардлага тавьсан мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар өгсөн. Манай улсын ургац хураалт өнөөдрийн байдлаар 95 хувьтай байгаа бол өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байгааг мэдээлэл өгсөн юм. Цаашид эрсдэлтэй нөхцөл үүсэж дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдсэн бол  УОК-оос ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүйш хэллээ. Учир нь манай улс дотроо коронавирус алдаж, тархаагүй. Манай улстай хил залгаа хойд хөршид өвчлөл нас баралт огцом нэмэгдсэн нь Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байгааг мэдээллээ. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Мөн УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргасан юм. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн дэмжсэн юм.

5.АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ Г.ЁНДОН САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДЛАА

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар /202011.02/дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн багц төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүд, Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсчээ. Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. Мөн АН-ын бүлэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ " Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно" гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.