ШУУРХАЙ: Алтанбулаг боомтыг ХОЁР САР хаах санал гаргалаа. ХҮНСНИЙ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ юу...
Үйл явдал
/
2020-11-10

Өнөөдөр зургаан хүнээс Covid-19 илэрсэн хүмүүсийн дунд ХӨСҮТ-ийн халдвар авсан сувилагчтай хамт байсан таван эмчийн нэгээс халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж байгаа аж. ОХУ-тай хил залгаа Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтуудад холбогдох албаны гурван ажлын хэсэг ажилласан. Сая Улсын онцгой комиссын хуралдаанаар гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ингээд эрсдлийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар маргааш оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа. 

Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 40 орчим тээврийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрсэн. Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд 20 орчим тээврийн жолоочоос халдвар илэрлээ. Эдгээрээс гурван жолооч нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан. Нийтдээ үлдэж буй 37 жолоочийг тэр холоос авч ирж, ХӨСҮТ-д эмчлэх нь халдвар хамгааллын байдал алдагдах эрсдэлтэй учраас Алтанбулаг боомтын ачаа тээврийн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа. . Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гаригийн зохицуулалттайгаар нээнэ.  Боршоо  боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан машин ирээд буй. Үүнийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр оруулж ирснээр баруун бүсүүдэд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх тооцоо судалгааг хийсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаан болгоноор хэлэлцэж байгаа. Энэ дагуу салбар яамнаас ажиллаж байгаа. Монгол Улс өндөгний импортын нийт 94 орчим хувийг ОХУ-аас Алтанбулаг боомтоор оруулж ирдэг.

Алтанбулаг боомтоор орж, гарч буй иргэдийн хөдөлгөөнийг хаагаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хурлаар гаргана. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Ульхан, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.255.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.