Д.Сумъяабазар: Эгзэгтэй эмзэг цаг үе шүү. Хүн бүрийг аргадаж, аятайхан харьцаарай...
Үйл явдал
/
2020-11-12

Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Өнөөдөр өглөөний (2020.11.12) 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосныг УОК-ын дарга мэдэгдсэн юм. Засгийн газар шийдвэрээ танилцуулсны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдав.

Монголд анх удаа авч буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах , хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллагууд, худаг-усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагууд, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллах болсныг Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хэллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Болзошгүй эрсдэлээс ард иргэдээ хамгаалахын тулд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ЗДТГ, Захирагчийн ажлын алба, газар хэлтэс, дүүргүүд нарийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хянаж, хяналтдаа авахаар зорьж байгаа.

Иргэдийнхээ амь насыг хамгаалах нь төрийн үүрэг. Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна. Ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл мэндийн төлөө энэхүү арга хэмжээг авч байгаа юм гэдгийг иргэдэд ойлгуулж, хүсч, бүр гуйж ажиллана шүү. Тийм учраас шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Тэр тусмаа Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.