Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ
Үйл явдал
/
2020-11-12

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар өнөөдөр өглөө 10:30 минутад мэдээлэл хийж аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн тухай захирамжийг танилцууллаа. 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3.2, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. 
          Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын           12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. 
            Дээрх хугацаанд төрийн байгууллагууд болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, 33 дугаар зүйлийн 33.3 -т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Гамшгаас хамгаалах албад, сумдын Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад, холбогдох удирдамжийн дагуу хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 
             Тогтоосон хугацаанд аймгийн хэмжээнд хот хооронд болон орон нутгийн  зорчигч тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн үйл ажиллагааг өглөө 07.00 цагаас 09.00 цаг, орой 17.00 цагаас 20.00 цаг хүртэл тогтоосон чиглэлийн дагуу  явуулах зохицуулалт хийж, хяналтын цэгүүдийг гарган  ажиллахаар боллоо. 
        Төрийн байгууллагууд болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан хавсралтаар баталснаас гадна Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар,  Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмнэлэг сувиллын цогцолборын бэлэн байдлыг хангаж ажиллуулах, бусад байгууллагууд, хуулийн этгээд байгууллага дээрээ зохицуулалт хийж, зайлшгүй шаардлагатай албан тушаалтнуудаас бусад албан хаагчдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллуулахгүйгээр цалин хөлсийг тооцож олгохыг  зөвшөөрсөн байна. 
        Хөл хорио тогтоосон хууль тогтоомжийг мөрдөж, онцын шаардлагагүй бол  гэрээсээ гарахгүй байж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас  урьдчилан сэргийлэх талаар гаргасан мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг  хэрэгжүүлж ажиллахыг аймгийн нийт иргэдэд уриаллаа.  
       
 
  
        
 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.