Махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн “Саруул маркет”-д 20.000.00 төгрөгний шийтгэл оногдууллаа
Үйл явдал
/
2020-11-19
 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарын 2020 оны 11 сарын 19-ны байдлаарх хяналт шалгалтын дүгнэлт: 
 
1. Зургаан дүүргийн нутагт дэвсэрт байрлах 12 зах, 18 дэлгүүр, 3 эмийн санд хяналт шалгалт хийлээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын байцаагчдыг 12 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулаагүй тул улсын байцаагчид тодорхой байршил дээр хяналт тавьж ажилласан болно.
2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний барааны үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлж зарим төрлийн хүнсний барааны үнийг нэг түвшинд барих зорилгоор зах, дэлгүүрүүдэд худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл, танилцуулгын хамт Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад хүргүүллээ.
3. Хүчит шонхор захын үнийг 11 дүгээр сарын 18-ны өглөөний 9 цагийн байдлаар өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнэтэй харьцуулахад хонины махны жижиглэнгийн үнэ өмнөх өдрийнхөөс 500 төгрөгөөр, үхрийн жижиглэнгийн махны үнэ 1000 төгрөгөөр, ямааны жижиглэнгийн махны үнэ 300 төгрөгөөр тус тус буурч бөөний үнэ тогтвортой байна. Хүчит шонхор зах дээр 11 дүгээр сарын 18-ны өглөөний байдлаар 50.5 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт нэмэгдсэн байна.
 
4. Хяналт шалгалтаар Саруул группын “Саруул маркет” нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
5. Хан-Уул дүүрэгт байрлах Оранж супермаркетад миний монголын сүүний үнэ 3150, өндөг 450 төгрөгөөр худалдаалагдаж байна гэх гомдлын дагуу шалгалт хийхэд тус бараа бүтээгдэхүүнүүдийг дээрх үнээр худалдаалж байсан нь тогтоогдсон ба үнийг бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
6. Органик захад худалдаалж буй үхрийн махны үнийг буулгах шаардлага тавьж ястай махыг 12500 төгрөгөөр зарж байсныг 12000 төгрөг, үхрийн хаа, хүзүүний цул махыг 12500 төгрөгөөр зарж байсныг 12000 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
7. Иргэдээс ирүүлсэн “Хүчит шонхор” захад борлуулж байгаа махны үнэ, будааны үнийн талаарх гомдол мэдээллийн дагуу шалгалт хийхэд үхрийн гуяны цул мах, будааны үнэ өмнөх өдрүүдтэй ижил буюу мах, будааны үнэ нэмэгдээгүй болох нь тогтоогдсон.
8. Орхон аймагт өндөгний үнэ 500 төгрөгөөр, гурил улаанбаатар 1 зэрэг 25кг гурил 350000 төгрөгөөр тус тус зарсан гэх гомдлыг шалгаж 1 байгууллагын тусгай зөвшөөрлийг прокурорын зөвшөөрлөөр хураан авч тэмдэглэл үйлдлээ, холбогдогч, гэрчүүдээс мэдүүлэг авах үйл ажиллагааг эхлүүлсэн.
9. Орхон аймгийн Дуурга дэлгүүрт 1 шуудай 40кг төмсийг 40000 төгрөгөөр зарж байна гэсэн гомдлыг газар дээр очиж шалгахад 32500 төгрөгөөр зарж байсан нь тогтоогдсон ба иргэдэд хариу мэдэгдсэн.
10. Орхон аймагт түлээний үнэтэй холбоотой хяналт шалгалтаар Буянхангай модны захад хяналт үргэлжилж 350-370 мянгад зарагдаж байгаа 1 портер модыг 300 мянгад буулгах албан шаардлага хүргүүлсэн. Гарал үүсэл эрхийн бичиг нэвтрэх асуудлыг шийдэхийг Баян-Өндөр сумын засаг дарга, Байгаль орчин аялал орчны газрын даргад мэдэгдсэн болно.
11. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16.10 цагийн байдлаар 115 утсанд 86, дуут шуудангаар 60, нийт 146 иргэн хандсан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.