УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Улаанбаатар хотод ирээд гацчихсан хүмүүсийг хөдөө буцаах чиглэлд анхаармаар байна
Үйл явдал
/
2020-11-19

Яг одоо чуулганы хуралдаж байна. Хуралдаанаас covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулт хариултын шугамаар чуулган үргэлжилж байна. Чуулганаас онцлон хүргэвэл: 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Өдрийн орлогоороо амьдарч байгаа хүмүүсээ анхаарах хэрэгтэй шүү. Анх Энхсаран сувиллаас халдвар алдсан. Үүнд хэрхэн хариуцлага тооцсон бэ. Энхсаран сувилал төрийн байгууллагын хамгаалалтад байсан. Тэр хүмүүст нь  хариуцлага тооцох ёстой.  Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацчихсан хүмүүсийг хөдөө буцаах чиглэлд анхаармаар байна. Хэтэрхий хатуурхсан байж болохгүй.

Шадар сайд Я.Содбаатар: 

-Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байгаа. Энхсаран сувилалтай  холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгсөн. Надад байгаа мэдээллээр энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэн, цагдаа нарын хооронд зөрчил гарч байгаа вэ. Өчигдөр иргэн цагдаа нарын хооронд зөрчил үүссэн байна. Үүнд хариулт өгөхгүй бол цаашдаа үл ойлголцол үүсэх вий. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн иргэдийн асуудлыг хэрхэх вэ. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Г.Тогтохсүрэн гишүүн Шадар сайдаас лавлаж, лавласан мэдээллээ иргэдэд хүргэх УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэн ажилласан нь зөв байсан уу. Энэ талаар Шадар мэдээлэл өгнө үү.

Шадар сайд Я.Содбаатар:

-Албаны шугамаар ирсэн 500 гаруй иргэн, бусад байдлаар ирсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж байна. Өнөөдрөөс 4 хоногийн өмнө байдал гайгүй бол энэ сарын 18-аас орон нутгийн иргэдийг гаргаж болох юм гэсэн түр журмыг гаргасан байсан. Энэ асуудлаар Г.Тогтохсүрэн гишүүнд би мэдээлэл өгсөн нь үнэн. Оюутны байранд 12500 оюутан байна.  Орон нутгаас ирж гацсан хүмүүсийг арванхоёрдугаар сарын 1-н хүртэл хүлээж байгаарай гэж хэлмээр байна. Өвчний тархалт нөхцөл байдалтай уялдуулж байж хотоос иргэдийг гаргах асуудал яригдана. Тээврийн жолоочоос халдвар гарсан Улаанбаатарын голомтыг үндсэндээ хяналтад авсан. Гэтэл Сэлэнгийн голомтын ойрын болон дам хавьтлуудын шинжилгээ одоогоор дуусаагүй байна. ОХУ-тай хиллэж байгаа боомтуудад зохицуулалт хийж, түр хаасан. Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтууд хэвийн ажиллаж байгаа. Цагийн хуваарьт ч өөрчлөлт ороогүй. Халдвар хамгааллыг сахиулах чиглэлд салбарын сайд нарт нь чиглэл өгсөн. Газрын тосны үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүсийг энэ 10 хоногтоо гаргахгүй. Дорноговь, Говьсүмбэр аймгууд төмөр зам дагасан бүс нутгууд учраас энэ асуудалд болгоожтой хандах ёстой. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.