Б.Буджаргал зургаан ШӨНИЙН хэт холын зайн гүйлтэд 500 км замыг хамгийн түрүүнд туулаад байна
Үйл явдал
/
2020-11-20

АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролож байгаа манай тамирчин Б.Буджаргалын талаарх шинэ мэдээ АНУ-аас ирлээ.

Б.Буджаргал 72 цаг гүйж, хугацааныхаа талыг тууллаа. Тэрбээр эхний 72 цагийн байдлаар 440 км гүйж, тэмцээнийг хошуучилсан хэвээр байна. Түүний арын тамирчин 108 километрээр хоцорч байна. Одоо тамирчин маань сүүлийн 72 цагаа эхлүүлж байгаа бөгөөд энэ үеэс эхлээд 72 цагийн гүйлтэд оролцох шинэ тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирээд байна.

Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг ажээ. Тиймээс 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнүүд энэ өдрүүдэд давхар зохион байгуулагддаг. Тодруулбал, 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээн давхар явагдах бөгөөд энэ төрөлд уралдах тамирчид өдөр өдрөөр нэмэгдэнэ гэсэн үг. Шинэ нэмэгдсэн тамирчидтай Б.Буджаргал маань аль хэдийнэ уралдчихсан гэдгийг онцолъё. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсааж гаргадаг. Манай тамирчин одоогийн байдлаар 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна.

Тамирчин маань дэлхийн рекордыг эвдэх өндөр зорилгыг өмнөө тавьсан. Гэвч цаг агаар, тамирчны биеийн байдал гээд олон зүйл энд нөлөөлнө. Хүн өөрөө тэсвэр тэвчээр гаргаж чадаж байлаа ч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс Хэт холын зайн гүйлтийн холбоо, дэмжиж ажиллаж байгаа бидний зүгээс болон арын албаны баг хамт олны зүгээс тамирчныхаа эрүүл мэндийг номер нэг асуудал болгон ажиллаж байна. Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүү үүсч, хумсных нь завсраар идээлсэн байна.

Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүнд цэврүүтэж, тамирчинд өвдөлт өгч байгаад багийн нөхөд нь санаа зовниж байна. Арын албанд ирж ажиллаж буй АНУ дахь монголчууд маань маш сайн ажиллаж, тамирчныхаа сэтгэл санаа, хоол хүнс, эрүүл мэндэд анхаарч байгаа нь энд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр цаг агаар дахин халж байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.184.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.