Хадгаламжийн хүүг зогсоох боломжгүй
Үйл явдал
/
2020-11-24

УИХ-ын зарим гишүүд хадгаламжийн хүүг зогсоох талаар байр сууриа илэрхийлж, иргэдийн дунд эргэлзээ үүсгээд байгаа билээ. Тэгвэл Монголын банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амараас энэ талаар тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсад мөнгөний хэрэгцээ их, мөнгө хангалттай бус байгаагаас үүдэн зээлийн хүүгийн түвшин өндөр байна. Өөрөөр хэлбэл, банк өөрөө хадгаламж хэлбэрээр татаж байгаа эх үүсвэр нь үнэтэй, бас ховор байгаа юм. Монгол Улс гадагшаа илүү их бараа бүтээгдэхүүн борлуулж, эсвэл гадаадын хөрөнгө оруулалт татаж чадвал мөнгөний хүрэлцээ нэмэгдэж, дагаад зээлийн хүү буурна.

Харин захиргааны аргаар эх үүсвэрийн хүүг /хадгаламжийн/ хүүг бууруулбал осолтой. Зүйрлэвэл, талхны үнийг бууруулахын тулд гурилыг үнэгүй болговол гурил хийх хүнгүй болж, үр дүнд нь талх ч үгүй болох аюултай.

Монгол Улсад хамгийн их хуримтлалыг бий болгож байгаа ганц газар нь банкны систем. Гэтэл тэр хуримтлалыг хүүгүй болговол эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл, мөнгөтэй хүн хүүгүйгээр мөнгөө хадгалуулах ямар ч шаардлагагүй болж, хадгаламжаа татна гэсэн үг.

Мөнгө гэдэг өөрөө хөрвөх чадвар хамгийн өндөртэй учир гадаадад үнэт цаас болно, эсвэл илүү өндөр өгөөжтэй зүйл рүү л урсана. Улмаар мөнгөний гарах урсгал нэмэгдээд эхлэхээр түүнийг зохицуулах гэж төрөл бүрээр хааж боож эхлэбэл, олон улсын санхүүгийн дүрмээс гажиж, гаднаас Монгол руу мөнгө орж ирэхээ бүр болино. Ингээд үзэхээр энэ шийдвэрийн үр дүнд товчхондоо Монгол Улс л хохирно.

Хуулийн талаас нь авч үзвэл хадгаламж эзэмшигч, банк гэсэн хоёр этгээдийн хооронд байгуулсан гэрээ хэлцлийг гуравдагч этгээд дундаас нь цуцлах, эсвэл өөрчлөлт оруулах асуудал яригдана гэсэн үг. Энэ нь хүний өмчлөх эрхэд халдаж байна гэсэн үг. Товчхондоо бол эдийн засгийн болон хуулийн аль ч талаасаа ямар ч боломжгүй юм" хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.