Г.Дөлгөөн: Ипотекийн зээлээс бусад ЗЭЭЛ авсан иргэд ХҮҮГЭЭ ТӨЛӨӨД явна
Үйл явдал
/
2020-11-25

Улсын Их Хурлын Түр хорооны өнөөдрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд  гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр 

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголын банкууд  ямар том толгойтой, урт гартай, даам гарсан нөхдүүд байдгийг бүгдээрээ мэднэ. Хэзээ Монголбанк чиглэл өгснөөр зээлийн хүү буурч байсан юм бэ. Буурчихдаг байсанм бол өнөөдөр хамгийн бага зээлийн хүүтэй улс орон болчих байсан. Одоо захиргаадалтын арга хэмжээ авмаар байна. Монголын төр хүнд үед банкуудад олонтаа тусалсан.  Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч байсан. Одоо банкууд ард иргэдээ бодох цаг ирлээ. Зээлийн хүү, үндсэн зээлийг зогсоож байгааг ард иргэдэд маш ойлгомжтой тайлбарламаар байна. Ямар зээлийн хүүг хойшлуулахгүй, зогсоохгүй байгааг хэлмээр байна. Өнгөрсөн хавар манай иргэн, ААН-үүд  хаширсан шүү. Үндсэн зээлийг нь хойшлуулж, зээлийн хүүг төлөөд явж байсан тохиолдол бий. Одоо хүү болон үндсэн төлбөрийг хамт хойшлуулах хэрэгтэйг онцлов.

Харин түүний хариуд  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Банкны систем дээр 1 тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30 хувийг эзэлж байна. Дундаж давхрагынхан 10-100 сая төгрөгийн хадгаламжийг эзэмшиж байгаа дүн байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд шаардлагатай бол хүргүүлье. Зээлийн  хүүг тэглэх асуудлыг Төв банк судалж үзсэн. Олон улсын хэмжээнд Грек улс л ийм арга хэмжээ авсан ч амжилттай яваагүй юм байна лээ. Зээлийн хүүг тэглээд зээлдэгч нарт дарамт үүсгэхгүй нь сайшаалтай. Гэхдээ нөгөө талд зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа банк нь эрсдэл даах уу, эсвэл хадгаламж эзэмшигч нар эрсдэлээ даах уу гэдэг асуудал гарч байна. Хадгаламжийн хүүг зогсоовол харилцагчид мөнгөө банкнаас татах эрсдэл бий. Гэтэл банкуудын зээл олгож байгаа эх үүсвэр нь хадгаламж эзэмшигчийнх байдаг учраас хүүг зогсоовол мөнгөн урсгалын доголдол үүснэ. Энэ эргээд санхүүгийн зах зээлээ эрсдэлд оруулах гинжин холбоотой. 

 Зээлийн хүү тэглэх, царцаах, хүүг хойшлуулах гэж зүйлүүд яригддаг. Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн үүрэг нь ипотекийн зээл дээр зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг зэрэг хойшлуулж болно. Энэ зээл дээр төлөөгүй хугацааны хүү тооцохгүй. Харин хэрэглээний зээл дээр үндсэн төлбөрөө хойшлуулаад хүүг хойшлуулж болно, гэхдээ тухайн хугацаандаа хуримтлагдсан хүүг нэмж төлөх асуудал байгаа юм.  Төв банкны зүгээс өнөөдрийн гарсан зээлүүдийг хүүг бууруулах асуудлаар Монголын банкуудын холбоотой санал солилцсон. Банкууд тодорхой хэмжээнд эрсдэлээ дагаад ойролцоор 1.7 пунктээр бууруулж, ачаагаа үүрэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Ойрын хугацаанд тодорхой шийдвэр гарна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.