Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Үйл явдал
/
2020-11-04

НҮБ-ын төрөлжсөн, Олон Улсын мэргэжлийн байгууллага болох Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын /ОУШХБ/ Монгол дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна.

        Түүнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал болон албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
         Виктор Лутенко хэлэхдээ дотоодын шилжилт хөдөлгөөн бол Монгол Улсын хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо. Тэрээр Эрдэнэт хотын дотоодын шилжилт хөдөлгөөний талаар тоон мэдээлэл цуглуулж, цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал солилцох, Орон нутгийн удирдлагуудын зүгээс дотоодын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар сонсох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Тэд дотоодын шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн эмзэг байдлыг бууруулах зорилготой төсөл хэрэгжүүлж буйгаа танилцуулж, ОУШХБ болон цаашлаад НҮБ-аас  Эрдэнэт хот Орхон аймгийн хийж хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
      Эрдэнэт хот өөрөө бусад улс орнуудтай хамтын ажиллагааны хүчинд сүндэрлэн боссон хот. Тийм учраас бид аль ч улсаас ирсэн гадаадын иргэдийг найрсгаар хүлээн авдаг гэдгээ уулзалтын эхэнд илэрхийллээ. Орхон аймагт шилжин ирэгсдийн дийлэнх хувийг манай аймгийн иргэдтэй гэр бүл болсон иргэд болон  “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор ирсэн иргэд эзэлдэг. Бид цаашид ч манай аймгийг зорин ирэх иргэдийг хүлээн авахдаа баяртай байх болно. Учир нь хүн ам ихсэх тусам зах зээл нэмэгдэнэ. Энэ хэрээр хотынхоо хөгжлийн асуудал болоод барилга орон сууцны асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн хотын соёлыг бий болгож, шилжин ирэгсдэд тэрхүү соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудлуудад нэн тэргүүнд анхаарч ажиллах нь чухал гэдгийг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлсэн юм.
        Уулзалтын үр дүнд Орхон аймаг болоод ОУШХБ дотоодын шилжилт хөдөлгөөн буюу тэр дундаа Эрдэнэт хотын шилжилт хөдөлгөөний талаар тоон мэдээлэл цуглуулах ажилд хамтран ажиллахаар боллоо. Ингэхдээ зөвхөн тоо баримт ярих бус шилжин ирэгсдийн нийгмийн асуудлыг судалж тоон мэдээллээр дамжуулан өгнө.
      Сонирхуулахад Монгол Улс анх 2008 онд Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагад элсэн орж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тус байгууллага нь төрийн байгууллага, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын болоод дотоодын шилжилт хөдөлгөөнд хувь нэмэр оруулах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудад зөв гарц олоход тусалж дэмжин ажилладаг байгууллага юм.  
 
Мэдээллийн төв
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.