Эм эмийн хэрэгсэл хүргэлттэйгээр олгоно
Үйл явдал
/
2020-11-23

Орхон аймаг бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог чангатгасантай холбоотойгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангууд эм эмийн хэрэгслээ хүргэлттэйгээр олгох Онцгой комиссын шийдвэр гарчээ. 

        Аймгийн хэмжээнд нийт 63 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 39 эмийн сан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Учир нь зайлшгүй шаардлагатай эмийн 90 хувиас доошгүй хувийг ханган ажилласан эмийн сангууд зөвшөөрөл авсан байна. 
      Эмийн хүргэлтийг эм зүйч, эм найруулагч зэрэг мэргэжлийн хүмүүс хийнэ. Ингэхдээ яаралтай болон нэн шаардлагатай эмийг 30 минутын дотор хүргэх бөгөөд захиалгыг өглөө 10:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл холбогдох эмийн сангийн утасны дугаараар болон Erdenet.mn сайтын онцгой комисс гэсэн цэсд  хандан захиалга өгөх боломжтой. 
         Дээрх 39 эмийн сангаас хоёр эмийн сан нь 24 цагаар жижүүрлэн ажиллаж эм хүргэлтийг хийнэ. 
Хөнгөлөлттэй эм авах иргэд эмчээр бичүүлсэн бичиг буюу кодоороо тухайн эмийн санд хандаж хүргэлтээр авах боломжтой.  Мөн эмийн санг бүсчлэн хуваасан бөгөөд ямар эмийн сан аль байрны айл өрхүүдэд хүргэлт хийх гэдгийг нарийвчлан гаргасан байна. Эдгээр байршил, хаяг, утасны дугаарыг доор зургаар орууллаа. 
        Тарилгын уусмал антибиотик зэргийг жорын дагуу олгоно. Мөн сэтгэцэд нөлөөт буюу сэтгэл сэргээх, сэтгэл засах зэрэг эмийг 15 хоног, даралт зүрх судасны эмийг 1 сарын хэрэглээнээс хэтрэхгүй олгоно. 
     
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.