Японд ажиллаж амьдрах зөвшөөрөлтэй иргэд нэг талт нислэг үйлдэж өгөхийг УОК-оос хүсэж байна
Үйл явдал
/
2020-11-30

Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж буй олон иргэд бий. Тэдний нэг хэсэг болсон Япон улсад ажиллах амьдрах зөвшөөрөлтэй 180 гаруй иргэд УОК-ын шийдвэрийг хүлээсээр үнэхээр хэцүү байдалд байгаа аж. Яагаад энэ асуудлыг авч хэлэлцэхгүй ядаж сэтгүүлчид нь гэсэн асууж тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа талаар гайхаж буйгаа тэд дурдаж байна. Учир зарим оюутнуудын хичээл 10-р сарын 1нд эхэлсэн байгаа бөгөөд Япон улсад хичээл сургалт хэвийн явагдаж буй бөгөөд сургалтын төлбөрөө өгчихсөн тул мөнгө санхүүгийн хүндрэлд орж магадгүй байна. Мөн дотуур байр, тусгаарлалтын төлбөрөө төлчихсөн өмнөх нислэгүүдэд багтаж чадаагүй иргэд олон байна.  Хүсэлтийг нь хүлээж авч ядаж тодорхой хариулт өгөхийг тэд хүсэж доорх хүсэлтийг гаргаж буй юм.

МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН КОМИСС БОЛОН МИАТ-Д ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нэг талт нислэг үйлдэх тухай:

Сайн байна уу?

 УБ-Токио чартер нислэгт билет бичүүлэх нийт зорчигчид бид улс оронд үүсч буй онцгой нөхцөл байдлын улмаас нислэгийн хуваарь хойшлогдож одоо болтол гарахгүй байгааг хүндэтгэн ойлгож байна.

Гэвч бид 2020 оны 2 сараас хойш Япон улс руу явж чадалгүй, нислэгээ удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээсээр өдийг хүрсэн. Гэвч 11сард Тусгай үүргийн онгоцний хуваарь байсан боловч маш олон хүмүүс байсан учраас багтаж явж чадсангүй ээ. Учир нь билет бичиж эхэлсэн даруйд залгахад суудал дүүрсэн байна гэдэг хариу өгдөг. Энэ нь танил талтай хүмүүс өөрийн таньдаг хүмүүсээ явуулаад байгаа мэт бидний дунд хардалт үүсгээд байна.

Мөн Улс орны онцгой нөхцөл байдлаас шалтгаалан 12сарын нислэгийн хуваарь одоо болтол ямар ч мэдээлэл байхгүй байна аа.

Бидэнд байнга бэрхшээлүүд тулгарсаар байна. Визээ даруулахад биднээс нэлээдгүй цаг хугацаа, мөнгө санхүү шаардагдсан. Хөл хорио сунгагдсаар , хойшилсоор визны хугацаа дуусах эрсдэл үүсээд байна. Түүнээс гадна ажлын виз авсан нь ажлаасаа гарч олон сар ажилгүй явсан, гэр бүлийн визтэй нь нялх хүүхэд, ар гэртэйгээ уулзалгүй удсан, оюутны визтэй нь төлбөр гэж 20-иод сая төгрөг төлсөн боловч тэнд хичээл нь эхэлсэн.

Хичээлдээ хамрагдаж чадахгүй байсаар өдийг хүрлээ.

Үүнээс улбаалан маш олон оюутнуудын тэтгэлэг цуцлагдах, байрны төлбөр нэхэгдэх, цаашид суралцах боломж хаагдах гэх мэт эрсдэл үүсээд байна. Эндээс очих бүх иргэд 14 хоног тусгаарлалтанд байх байр, төлбөр мөнгөө бүтэн төлсөн гэх мэт санхүү болоод сэтгэл санааны маш их хохиролтой байна. Явах зардлаа барьцаалан зээлдүүлэгчээс зээлж авсан иргэдийн зээлийн төлөлт нь эхэлсэн гэх мэт олон асуудал бидэнд тулгарч нөхцөл байдал хүндэрсээр байна.

Иймд 11 сарын 25,26-ны УБ-Токио чиглэлийн нэг талт нислэг үйлдсэн шиг УБ-Токио чиглэлд  12 сард багтааж нислэг үйлдэх тал дээр нааштайгаар шийдэж өгнө үү.

Хамгийн гол нь яг энэ цаг мөчид Япон улсад халдварын тоо ихсэж байгаа ба үүнээс шалтгаалан хилээ хаах эрсдэл ч үүсэх нөхцөл байдал тулгараад байна.

Мөн Монгол улсад Covid19 ийн тархалт нэмэгдсэнээс Япон талаас биднийг хүлээж авахгүй болох зэрэг эрсдэл хамгийн өндөр болоод байгаа тул 12сардаа багтаан нислэг үйлдэж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

Яг одоогийн байдлаар хичээл сургууль нь эхэлсэн 180 орчим оюутан хүсэлтээ нэгтгээд байна. Бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Монголынхоо ирээдүй болсон оюутан залуусынхаа сурах эрх, суралцах эрхийг битгий хаагаач гэж хүсмээр байна.

Хүндэтгэсэн: Япон улсад суралцах, ажиллах , суралцах эрхээ авсан оюутнууд.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.