МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад дараах эрхмүүд ӨРСӨЛДӨХӨӨР нэр дэвшжээ
Үйл явдал
/
2020-12-01

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг сарын өмнө зарласан. Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор уг сонгон шалгаруулалтын хугацааг 14 хоногоор сунгасан юм. Энэхүү хугацаа арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 18 цагт дуусах ажээ. Одоогоор сонгон шалгаруулалтад оролцохоор нэрээ дэвшүүлсэн албан бус мэдээллийг танилцуулья. Тухайлбал, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа, ММ агентлагийн редактор асан А.Энхтуул,"Өнөөдөр" сонины сэтгүүлч,одоогийн ҮЗ-ийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, ТВ5 захирал асан Э.Дагиймаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт,сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэхээр болжээ. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур нь:

-Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

-Ял шийтгэлгүй байх,

-Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,

-Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,

-НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,

-Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,

-ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,

-''Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх гэжээ. Нийт оролцогчдоос ҮЗ-өөс гаргасан журмын дагуу хоёр хүн сүүлийн шатанд оролцох юм байна.

Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевиз бол өөрийн гэсэн хуультай, тусгай байртай, төр болон олон нийтээс санхүүждэг бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний агентлаг юм. Тус байгууллагын захирлын албан тушаалд Монголын хэвлэлийн магнат Сэрүүлэгийн хэмээх С.Баярмөнх, Ерөнхий захирал асан М.Наранбаатар, Н.Нинжжамц нараас гадна ТВ5 телевизийн захирал асан Э.Дагиймаа болон Үндэсний телевизид ажиллаж байгаа нэвтрүүлэгчид, хөтлөгч нар өрсөлдөж буйгаараа онцлог юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.