Р.Эмүжин: Манай дөрөв өө, хүлээж байгаа шүү
Үйл явдал
/
2020-12-03
Манай дөрөв өө, хүлээж байгаа шүү.
Өнөө дөрөв маань вакцинд мордсон. Яагаав, хуучин шинэ хоёр Ерөнхийлөгч, Засгийн газар, Монос грүпп. Ирэх долоо хоногоос их британичууд вакцинд хамрагдаж эхэлнэ. Тэд Pfizer болон BioNTech компаниудын 10 сарын дотор бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгож, он дуустал 10 сая, нийтдээ 50 сая тунг захиаллаа. Ингэхэд манай дөрөв зүтгэж л байдаг байгаа даа. Хаахна явдаг юм бол доо. Өө тийм, ковидыг зориуд тарааж, хүн бүрт вакцин нэрээр чип суулган хянах гэж байна гэсэн хардлага манайд хүчтэй явагдаж байгаа. За бүр зүгээр л ханиадыг зүгтэй тахал болгож хөл хорьлоо гээд бухимдаад байгаа хүмүүс ч бий. Нээрэн, нялцгар сул доройчууд тансаг машинаасаа буугаад л үхнэ биз, бид дархлаатай, даваад гарна гэсэн ангийн ялгаатай үзэлтэй нөхдүүд цаагуур чинь хөмсөгөө атируулж, хөмхийгөө зуучихаад л үзэж тарж, үүгээр түүгээр гүйлдээд эхэлсэн. Бурханы илгээсэн шийтгэл болох ковидыг нүглээ үүрээд нүдээ аниад угтах ёстой байтал орчин үеийн технологиор өмнөөс нь өрсөж тэмцлээ гээд зарим харийн шашныхан зангаа хувиргаад хялалздаг болсон. Засгаа унагаж байж л вакцин авчирна гэж сошиал захиалга өгөөд замбараагүй байдал үүсгээд хэвтэж байгаа нөхөд ч бий. Ингэхэд, манай вакцинд мордсон хэд дөрвөн зүгээс зорьсноо олоод ирвэл би л лав эртхэн хамрагдана. Тэд маань уралдаж өрсөлдөөд байлгүй, уужуухан эвлээд ажиллаасай. Тэгэхгүй бол ковид гарсан улс орнууд хоёр, гурав дахь давалгаа гээд жил тойрон хорио, дэглэмтэй амьдарч байна, Монгол ч бас араас нь алхаж л явна даа. Тоо нэмэгдээд, тойрог томроод байхаар вакцин л бодож сэрлээ. Вакцинаас өөр найдвартай арга харагдах ч үгүй байна. Хоригдсоор байгаад бүгдээрээ санхүүгийн уналтанд оролтой биш. Улсын эдийн засаг ковид дэлхийд гарснаас хойш 10,7 хувиар уналаа, энэ хэвээрээ үргэлжилбэл эл уналт 30 хувь хүрэх магадлал бий. НҮБ-аас хийсэн судалгаагаар Монголд энэ уналт хоёр жилдээ үргэлжилнэ гэсэн тандалт гарсан. Засгийн газрын халамжууд дангаараа үүрч дийлэхгүй. Бухимдал үүсч, будаа шиг цацагдана, талцана, тарааж хаяхад ч бэлэн болно. Цагдаа өвөө хоёр шиг л эв түнжинтэйхэн энэ хямралын ард гарчих юмсан. Манай дөрөв өө, хүлээж байгаа шүү. Дөрвүүлээ эвлээд зүтгээрэй, дөрвөн тийшээ хараад, дөрвөн мөчөө саваад уначихав даа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.