Ю.Цэдэнбал, С.Аварзэд нарын харилцааны тухайд
Үйл явдал
/
2021-01-06
ХХ зууны түүхийн сэдвээр
 
 
Нам, засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, сайд С.Аварзэд нарын харилцааны тухайд
 
 
Монгол төрийн нэртэй зүтгэлтэн С.Аварзэдийг тухайн үеийн удирдлага хавчиж хохироож байсан мэтээр зарим судлаач бичсэн байдаг. Гэтэл тэрээр нам, засгийн  удирдагч Ю.Цэдэнбалын итгэлтэй анд, түүний удирдлага, ивээлд төр, засгийн өндөр алба олон жил хашиж, олон хариуцлагатай үүрэг гүйцэтгэж  байсан аж. 
1952 онд Ерөнхий сайд болсон Ю.Цэдэнбал боловсон хүчний эрэлд гараад байхад анхааралд нь өртсөн анхны хүн бол эрдэм төгс, нийгмийн дунд биеэ сайхан авч явдаг С.Аварзэд мөн байлаа. ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан, залуухан, шинэ дипломатч С.Аварзэдийг суга татан дэвшүүлж, гэнэт Улсын прокурорын орлогчоор томилж хууль эрх зүйн мэдлэг туршлага олгожээ. Удалгүй түүнийг өөрийн дэргэд авч, СнЗ-ийн хэлтсийн даргаар томилон ажиллуулж, захиргааны ажлын дадлага олгоод 1957 оны 6 сарын 6-нд Гадаад явдлын яамны сайдаар хавсруулан ажиллуулахаар томилжээ. Тун удалгүй Хэлтсийн даргаас чөлөөлж, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар, бас ГЯЯ-ны сайдаар давхар дэвшүүлэн томилжээ. Чухам ийм нөхцөл бүрдүүлсний дараа, өөрөөр хэлбэл туршлагажуулж, үнэнч шудрага, дайчин шуурхай, хэл сайтай, бас зүтгүүр чадлыг нь олж харсан Ю.Цэдэнбал С.Аварзэдийг Монгол-Оросын хилийн хэлэлцээрийн Монголын хэсгийн даргаар томилсон байна. 
 
Өөрийн төрсөн сумын  төдийгүй, бас олон мянган км Монгол, Зөвлөлтийн хилийн асуудлыг Монгол улсын эрх ашгийн үүднээс тогтоож чадна гэж Ю.Цэдэнбал түүнд бүрэн итгэж байжээ. Гэтэл хэлэлцэн тохирох, ухаалаг зөвшилцөл, бага зэргийн буулт хийх, “хөлд нь суух”, эв эе хичээх, хэт ширүүн, хатуу биш байх зэрэг дипломатч хүний ухаалаг, уян тактикийн талыг нь сайн хараагүй байсан байж болох юм.
 
1957 оны 12 сарын 12-нд эхэлсэн хилийн хэлэлцээрийн явцад  С.Аварзэдын нийт 13 удаа хэлсэн үгийн тэмдэглэлээс үзэхэд:  “Эхлээд “Тагна уулын оройгоор байна” гэж зүтгэж байснаа дараагийн бүгд хурлын үед Монголын хил “Харуул хайчийн замыг баримтлана” гэдэг дээр хатуу зогсчээ. Гэтэл “Харуул хайчийн замын” цаад талд Хөвсгөл аймгийн хэд хэдэн сум орж байснаас мухардмал байдалд орж, дахин үгээсээ буцжээ. “Хэлэлцээр дээр хамгийн сүүлд хэлсэн үгэндээ: “Зөвлөлт Улс манай нутгийн салшгүй хэсгийг зөвшөөрөхгүй байгаа явдал бол Монголын тусгаар тогтнолыг үл зөвшөөрсөн хэрэг мөн” хэмээн авирлаж алдаа гаргаж байжээ” гэж Гавъяат хуульч Б.Цэдэн-иш гуай тэмдэглэсэн байх юм. 
Хилийн хэлэлцээрийн асуудалтай холбогдон маргаан мэтгэлцээн байсан нь мэдээж. С.Аварзэдээс Улс төрийн Товчоонд бичсэн захидал (Ардын эрх, 1990, №6,7), түүнд хариу болгож Ю.Цэдэнбал УТТ-нд бичсэн захидал (1958.02.20) нь энэ хоёр зүтгэлтэн чухам юун дээр зөрөлдсөнийг тун сайн харуулжээ. С.Аварзэд “1932 оны хэлэлцээр хүчээ олоогүй” гэж үзжээ. Гэтэл 2 талын Засгийн газрын байгуулсан хилийн комисс хамтран хэлэлцээр байгуулж, тухайн үеийнхээ журмаар Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор баталж, тэр тухайгаа Тувад мэдэгдэж, тэр хэлэлцээрийг Тувагийн Засгийн газар баталж манайд мэдэгдэн, түүнийг манайх “Үнэн” сониноороо зарласан юмсанжээ. Хилийн хэлэлцээр бүрэн хүчинтэй болсон гэхэд хэцүү ч ямарч гэсэн 2 улсын Засгийн газрууд баталж, баримт бичгүүдээ солилцчихжээ.. 
 
Монголд ашиг багатай, “Давст уул Тувагийнх” гэж тодорхой заасан 1932 оны хэлэлцээрийг шууд үгүйсгэн “бухах” биш, харин эвтэйхэн зайлсхийх бодлогыг Ю.Цэдэнбал тавьжээ. Тэрээр: ”1932 оны протоколуудын талаар бол хүчингүй юм гэж зүтгээд бид хол явахгүй байх. Нам, засгийн шийдвэр нэгэнт гарсан юм. Харин 1940 оны хэлэлцээрээр тэр протоколуудыг хүчингүй болгосон гэж үзэх үү, үгүй юу гэдгийг авч ярьж болох  юм. Тэглээ ч гэсэн энэ нь одоо асуудлыг жинхэнэ байгаа байдлаас, хил орчны аль аль талын ард түмний сонирхлыг баримтлан шийдвэрлэхэд онц ач холбогдолгүй юм шиг санагдана” гэж бичжээ. Хариуцлагатай төрийн зүтгэлтэн хүний болгоомжтой бодлого гэж хэлэхээс аргагүй л зүйл бичжээ.           
С.Аварзэд томоохон саналыг тавьж, нугаршгүйгээр зөрөлджээ. Түүний саналын дагуу тусгасан хилийн шугам нь одоогийн хилийн шугамаас нилээн араар буюу хуучин Харуулын хайчийн зам болон Тагнын нурууны бэлээр, Тэсийн голын хойгуур, тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын хилийн хойт хэсэгт 10-15 км, Сагиль сумын хэсэгт 20 км, Давст сумын ар хэсэгт  50 км, Тэс, Зүүнговь сумын хойд хэсэгт 90 км, Завхан аймгийн Баян уул сумын хойт хэсгээр 10-40 км, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумын баруун зарим хэсгээр 10-45 км тус тус цаагуур байсан ажээ. (Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм.1911-2011 он. т.508). “Бид Увс нуурийн эргэн тойронд, Хан Хөхийн нурууны бэлээр нутаглаж байсан” гэж олон жилийн турш учирлаж байсан Тувачууд С.Аварзэдын саналыг бараг сонсохыг ч хүсэхгүй байжээ. Үүний дээр манай улсын гол спонсор орны Элчин сайдтай зөрчилдсөн нь  хэлэлцээр мухардалд орох, өөрөө ажлаасаа өөрчлөгдөх шалтгааны нэг  болсон бололтой байдаг юм.                                                                           
                                                                             
Цагтаа Гитлертэй уулзаж,  ЗХУ-ын гадаад бодлогыг тодорхойлж байсан, хатуу цагийн чанга зүтгэлтэн В.М.Молотов эхэн үедээ 32 оны гэрээг баримтлана гэж зүтгэж байсан боловч сүүлдээ Ю.Цэдэнбалын зөөлөн ухаалаг бодлогод автагдсан байдаг юм.
 
Ю.Цэдэнбал: “Анхнаасаа хил орчмын ард түмний ашиг тусыг баримтлах байсан юм. Түүх гээд хол явчихжээ. Үүнийг Зөвлөлт, Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй” гэж олон дахин албан ёсоор хэлж байсан бодлогын чиглэл В.М.Молотовт ямарч атугай нөлөөлжээ. 
Хэлэлцээрт ЗХУ-ын талыг ахлаж байсан В.М.Молотов арай хожуу бодлого саналаа хэлэхдээ: “Өмнөх 1932 оны хилийн хэлэлцээ, хэлэлцээр болсон ч батлагдаагүй явж ирсэн тул бүрэн хүчин төгөлдөр биш, хилийн асуудлыг хил орчмын бага ястан ардуудын идээшил суурьшлын одоогийн бодит байдлыг харгалзан шийдвэрлэх, цаашилбал Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлын үүднээс авч үзэх хэрэгтэй. Энэ бол манай комиссуудын удирдамж байх ёстой”(Б.Цэдэн-Иш.-УБ., 2006,т.32.) гэж хэлж байжээ.  
Харин С.Аварзэд, В.М.Молотов нарын харилцаа хэмжээ даван хурцдаж В.М.Молотов дургүйцлээ илэрхийлж: “Нөхөр Аварзэд үйл явдлын түүхэн талыг хэт сөхсөн хатуу байр суурь баримтлан Тувагын ард түмнийг доромжилж, улмаар Зөвлөлт, Монголын ах дүүгийн найрамдалд харшилсан үг хэлж байгаа явдалд харамсаж  байна” (ГХТА, Монгол, Тувагийн хил тогтоосонтой холбогдох баримт бичиг, х.115, хн.43, 48,51.) гэж хэлж байв. Үүн дээр үндэслэсэн байх, Кремлийн дургүйцлийн цахилгаан НТХ-нд ирсэн ажээ.       
 
 
 
                                                                                               
Ю.Цэдэнбал өөрийн багийн чадварлаг сайд С.Аварзэдийг ганц хилийн маргаанаас болж ажлаас чөлөөлөөгүй юм. Ажлыг урагшлуулахын тулд В.М.Молотовтой холбоотой, Монгол, Оросын харилцаанд хамаарах асуудлыг хариуцуулсан Тусгай элчин төлөөлөгч томилсон нь аргаа барсан алхам боловч С.Аварзэд сайд ажлаа үргэлжлүүлэн хийсээр байлаа. Дээрээс шахалт, доороос яриа матаас байсантай холбоотойгоор (Хилийн хэлэлцээрт Л.Цэнд, В М.Молотов нар 1958 оны 3 сарын 28-нд гарын үсэг зурсны бүр дараа) 7 сарын 15-нд С.Аварзэдийг ГЯЯ-ны сайдын ажлаас чөлөөлжээ. Ю.Цэдэнбал С.Аварзэдийн туршлага зүтгэлийг нь үнэлж өөрөөсөө холдуулах сонирхолгүй байсан тул энэ оны 11 сар хүртэл Сн3-ийн орлогч даргаар  ажиллуулсаар байсан нь тухайн үед олны сонирхол татаж, Монгол, Зөвлөлтийн харилцааг хүндэлдэггүй хүнийг өөрөөсөө холдуулахгүй байгаа шалтгаанаар Ю.Цэдэнбалыг хурцхан шүүмжлэх ч хүн байлаа. 
Хилийн асуудлаар манайд ашиггүй санал тавьж “гүрийсэн” Элчин сайд В.М.Молотов, Монгол,Зөвлөлтийн харилцаанд “харшилдаг” С.Аварзэдээс холдож өгдөггүй Ю.Цэдэнбал нарын харилцаа ч онцгүй болж, удалгүй Молотов нутаг буцсан юм. Монголд туслахыг эрхэмлэдэг Элчин сайдуудыг үргэлжлүүлэн ажиллуулах санал ихэнх тохиолдолд тавьж, санасандаа хүрдэг Ю.Цэдэнбал  даруухнаар баярласан талархсанаа илэрхийлээд үдэж өгчээ. Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн олон мянган хүмүүс дотроос ганцхан Молотов  л өөрийн дурсамжинд Ю.Цэдэнбалын тухай өөдтэй үг бичихээ “мартсан” ажээ.
Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 1959 оны 1 сарын 2-оос С.Аварзадыг Унгарт элчин сайдаар, дараахан нь Болгарт элчин сайдаар давхар томилгоо өгч илгээжээ. Харилцаа зөөлөн аятайхан оронд ,эмчилгээ сувилгаа, хангамж сайтай ажилд түүнийг томилжээ. 1960 онд өвчний гэсэн шалтгаантайгаар буцаж ирэхэд нь Ю.Цэдэнбал түүнийг өөрийн биеэр үүрэг өгч Улсын Прокурорын хэлтсийн даргаар томилж 2 жил ажиллуулжээ. Дараа нь Барилгын эдийн засгийн комисст зөвлөхөөр, 1962 оноос МУИС-д франц хэлний багшаар ажиллаж, 1964 оноос төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Цогц суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас хотод ирж, 1967 оноос ШУА-ийн Мэдээллийн тасгийн эрхлэгчээр ажиллажээ. 
 
С.Аварзэд нэг үе 1 баазад жолооч хийж байгааг мэдсэн Ю.Цэдэнбал хуучин андынхаа чадварыг нь үнэлж, мэргэжлээр нь ажиллуул гэдэг үүрэг өгч, 1971 оноос Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороонд зөвлөх, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1977 онд дахиад өөрийн хүсэлтээр жолооч болжээ. С.Аварзэд хүсэлтээрээ Олон улсын геологийн экспедицид хуулийн зөвлөх, референтээр ажиллаж байгаад 1980 онд чөлөөлөгдөж өөрийн дуртай жолоочоор ажиллаж байжээ... Тэрээр туг ч барьж, тугал ч хариулжээ. 
 
Бидний ахмад үеийнхэн хүнлэг сайхан сэтгэлтэй, маргалдаж, мөчөөрхөлдөж явсан ч нэгнийгээ өршөөн уучлах, сайн сэтгэлээр бодох  чадвартай хүмүүс байжээ. Ю.Цэдэнбал бүр хожим Говь-Алтайд ажиллах үедээ нэгэн сургуульд зочилж байхдаа Аварзэд гуайн хүүхэдтэй нь зориуд хамт татуулсан фото зураг үлдсэн байдаг. Төрийн тэргүүн, сурагч хоёр хамт зургаа татуулж байхдаа юу бодож байсныг тааж хэлэхэд хэцүү ч бидний бодоход ер бусын  тун сайхан дурсамжийг үлдээжээ. Дарга өөрийн дүү Ю.Аюушд “Аварзэдийн хүүхэдтэй зургаа татууллаа, их сайн сурдаг хүүхэд байна” гэж хуучилж байжээ.
Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга  байсан С.Аварзэд гуай жолооч болсон үедээ ч Ю.Цэдэнбалыг муучлах дургүй, түүхийн бодит үнэнийг л хэлдэг хүн байжээ. Манай нэртэй эрдэмтэн, боловсролын салбарын томоохон зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн байсан В.Алзахгүй тэмдэглэхдээ: “Миний ах Ч.Цолмон жолооч, С.Аварзэд түүний дотнын танил жолооч, орж гардаг, машинаа манай хашаанд тавьдаг хүн байв. Олонтаа хууч хөөрөх бололцоо гардаг байлаа. Аварзэд гуай тэр үед 50 хавийн настай, даргад хир халдаадаггүй хүн байв. С.Аварзэд:  Би зовсон гэхэд амны алдас болно. Хувь хүний хувьд би хайрлан хүндэтгэдэг байсан. Гэр орондоо их ажилладаг, бүтэн сайнд гэртээ дууддаг хүн байсан. Нэг хүний хэрээс хэтэрсэн их ажил хийсэн. Өөрийн хувийн амьдрал, хувийн ашиг сонирхол гэсэн ойлголт байгаагүй. Монгол Улс энэ хүний амьдралын утга учир нь байсан. Оросуудыг сонсохгүй явах түүхэн боломж байгаагүй юм. Сайд нарт хагас, бүтэн сайн гэж бараг байгаагүй. Амралтын өдрөөр их дуудаж ажил ярилцдаг хүн байв. Хувийн сайн найз нөхөд гэж ер нь байгаагүй. Ганц хавирга огтлоод идэх эрхгүй л шахуу хүн байсандаа. Хүнтэй сайхан энгийн ярьж хөөрдөг, нутаг усаа ярихдаа их дуртай хүн. Дотор сэтгэлдээ нутгаа их санадаг хүн байв гэж хэлдэг байсныг санаж байна” (Зохиогчийн хувийн архив) гэжээ. Ер нь ахмад үеийнхэн маань хүн чанарын эрхэм сайхан шинжийг жинхэнээр нь цогцлуулсан хүмүүс байлаа.
 
 
 
Түүхийн сургалт судалгаанд ганц онолыг биш, хүн төрөлхтөний бүтээсэн олон онол нэвтэрч, чөлөөт сэтгэлгээ хөгжсөн сайн жилүүдэд “сайны хажуугаар саар” гэгчээр манайд гүтгэлэг доромжлол дэгдэн хийссэнийг бид сайн мэднэ. Монголын нам, төр, засгийг 44 жил толгойлсон, 1939 оны Сангийн сайд, 1941 оны Бүх цэргийн жанжны орлогч, 1979 оны Маршал, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монголын сэргэн мандлын гол архитектор байсан хүн бараг л хэн ч биш болов. Гүтгэлэгийн нэг сэдэв нь Ю.Цэдэнбал “Давст уулыг Оросод бэлэглэсэн” гэх яриа байлаа. 
Түүхэн үнэнийг хамгаалж, Ю.Цэдэнбалыг өмгөөлж, үгээ магнитофонд бичүүлж үлдээсэн хүн нь бараг л ганц С.Аварзэд гуай байв. Үг алдуулах гэсэн үү? Үнэнийг хэлүүлэх гэсэн үү? сэтгүүлч: “Тухайн үеийн манай удирдлагууд тэр газар нутгийг өгөхгүй байж болохгүй байсан  юм байхдаа?” гэсэн асуултад С.Аварзэд: Яг үнэндээ өгөх дуртай хүн байгаагүй ээ. Нэг удаа Цэдэнбал дарга намайг дуудаад: “дээрээс шахаад байх юм аа, ядуу буурай орны зовлон багадах биш дээ Аварзэд минь, юутай ч асуудлыг нааштай шийдэхээр ярилцаж байгаа, чи түр тогтнож хүлээж бай” гэхэд миний нүднээс нулимс гарах гэж байсан шүү. Ингээд бодохоор тухайн үеийн төрийн удирдлагууд өгөх дургүй байсан юм билээ” гэж хариулж байжээ. (1989 оны 7 сарын 21-нд дипломатч Б.Дашцэрэн соронзон хальсанд буулгасан бичлэгийг Т.Зөнбилэг Монголын үнэн, 2012.10.17, №205-д сийрүүлсэн.)
 
Мөнхийн найзууд биш ч гэлээ, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хүмүүсийг нэгэнтэй нь муутан болгож, өөр хоорондоо ”хонь чоно байсан”, аль эсвэл “хэлмэгдүүлж байсан” мэтээр дүрсэлж  улс төрийн хожоо хайх явдал мэдээллийн энэ сайхан эрин зуунд, аливааг үнэнээр нь ойлгох чадвар төгс ард түмэнд нөлөөлөх  нь юу л бол.
 
1984 оноос Ю.Цэдэнбалыг муучлах алхмууд хийгдэж, Бал муу, бид сайн гэсэн ойлголтыг эрх баригчид олон нийтэд өгч байсан бол 1990 оноос энэ хандлага улам хүчээ авч, социализм муу, Монгол Ардын Нам муу гэсэн ойлголтыг нийгэмд тараахдаа “Бал хөзрийг” ашиглах болсон юм. Түүхийн гэрч болсон хүмүүсээс янз бүрийн арга чаргаар муу үг хэлүүлж авдаг болсон үед түүхэн үнэнийг өөрийнхөөрөө бодитойгоор хэлж бичлэгээ үлдээсэн цөөхөн хүний нэг нь С.Аварзэд гуай мөн байжээ. Бидний ахмад үеийнхэн ажлын төлөө марган мөчөөрхөлдөх  явдал  байсан ч хүн чанар, ёс суртахуун гэдэг эрхэм зүйлээ хадгалж чаддаг хүмүүс байжээ.
 
Доктор (Ph,Sc), профессор Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.252.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.