Өвдөж зовсноо өрөвдөж энэрдэгээс өр рүү нь өшиглөж дуулиан дэгдээдэггүй л ард түмэн дээ
Үйл явдал
/
2021-01-08

БНСУ-аас ирсэн ачаа тээврийн онгоцоор гадаад, дотоодын 50 орчим иргэн Монгол Улсад ирсэн, тус онгоцонд дипломат пасспорттай нэг иргэн багтсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээлсэн. Эл асуудлаар Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “МИАТ” компанийн карго нислэг байгаагүй. Харин томилолтын хугацаа дууссан дипломат ажилтнуудаа буцаах, оронд нь очих ажилтнуудыг татан авах хүсэлтийг АНУ-ын Засгийн газраас тавиад байсан. Энэ нислэгээр ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон НҮБ-ын ажилтнууд ирсэн. Мөн таван монгол иргэн нислэгт багтсан.

Тэд ачаа тээврийн онгоцоор биш АНУ-ын ЭСЯ-ны захиалгат нислэгээр таван хүнээ зөөвөрлөн авчирсан” гэж мэдэгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн уг нислэгээр ирсэн Монгол Улсын таван иргэний хоёр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон түүний гэргий гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Иргэдийг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байгаа аж.

Эл мэдээлэл тархсан даруйд л манайхан дээр дооргүй шүүрэн авч, хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр хэлэх хэлэхгүй үгээр дайран давшилж эхэлсэн. Ш.Раднаасэд гишүүний хувьд гэргий нь хүнд өвчтэй олон жил болж байгаа бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгээд эх орондоо ирж. Үүнийг улстөржүүлж хараал зүхэл болох нь ёс суртахууны хувьд үнэхээр байж боломгүй. Энэ хорвоод эгэл хүмүүн заяанд маханбодыг олж төрсөн хэн бугай ч төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэсэн ертөнцийн дөрвөн үнэнийг туулах жамтай.

Монголчууд өвчтэй зовлонтой нэгийгээ дайрч давшлах нь байтугай харин ч сэтгэл санаагаар дэмжин “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж хандив тусламж цуглуулж өгөх нь энүүхэнд байдаг. Бид тийм сайхан монгол жудагтай ард түмэн. Тэгэхэд өвчтэй зовлонтой нэгийгээ хүртэл үгийн зэвээр зүрхийг нь шархлуулна гэдэг хэнд ч таатай сайхан үйл биш. Монголын ард түмэн бол “Унасныг түлх” гэдэг харгис филосифитой Барууны ертөнц биш. Харин ч хазайхад түшдэг, хальтрахад тулдаг энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс билээ. Тиймээс, өвчтэй зовлонтой ханиа хаа байсан Америкийн ЭСЯ-ныхны онгоцонд гуйж тээн авчирсан нэгнээ боорлох нь хүний мөс талаасаа тийм ч таатай зүйл биш байлтай. Хүний өвчин зовлонгоор дуулиан шуугиан дэгдээж, хандалтаа нэмэгдүүлнэ гэдэг хэвлэл мэдээллийнхний ч хөөцөлдөөд байх халуун сэдэв биш юм.

“Тунгалаг Тамир” кинон дээр Долгорыг мөсөн доогуур живэхэд “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэсэн ноцтой асуулт урган гарч ирдэг. Хүний зовлонд хөөрч баясдаг хүн өнгөтэй өөдтэй явсан түүх хүн төрөлхтний түүхэнд байхгүй. Тиймээс цар тахлын аюул даян дэлхийг нэрвээд буй энэ цаг үед эвтэй найртай, хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлээр нэгэндээ хандах нь монгол хүний ариун нандин жудаг юм даа.     

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.