Н.Байгалмаа: “Gobi challenge-2020” аялалд хүн оролцсон болохоор харилцааны олон асуудал гарна
Үйл явдал
/
2021-01-09

Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” төсөл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоуны эхний дугаар маргааш /2021.01.09/-ийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр гарах юм. Уг төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болох бөгөөд “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэн Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ брэндийг цогц хэлбэрээр сурталчлан таниулах аж.

“Gobi challenge-2020” тэмээн аялалд нийгмийн салбарын бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км зам аялсан байна.  

Өвлийн аялал жуулчлалын шинэ брэндээр нэрлэгдэж буй “Gobi challenge-2020” төслийн хамтран зохион байгуулагч, “Тэмээн жинчин” сангийн тэргүүн Н.Байгалмаа хэлэхдээ “Бид Монголд анх удаа нийгмийн салбар бүрийн төлөөллийг оролцуулан өвлийн жавар хайрч эхэлсэн цаг хугацаанд “Gobi challenge-2020” тэмээн аяллын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Монголчууд бид нүүдэлчдийн үр сад. Гэтэл өнөөдөр ахуй амьдралдаа малыг гаршуулан хэрэглэдэг нүүдэлчдийн ухааныг мартаж байна. Тэмээ унахыг тамлалт гэж хардаг хүн олон болж. Бүр таван хошуу малыг мэддэггүй залуучуудтай таарч байна. Тиймээс бид уламжлалт мал аж ахуй, нүүдэлчдийн ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх үүднээс “Gobi challenge” төслийг хэрэгжүүлсэн. Монголыг монгол байлгаж ирсэн зүйл нь нүүдэлчдийн ахуй соёл юм. Дээрээс нь малыг ахуй амьдралдаа зөв хэрэглэнэ гэдэг бол монгол ухаан. Асар суу ухаан юм шүү.

Байгаль ертөнц хүний дотоод дуу хоолойг сэрээж өгдөг. Тэр утгаараа говьд хээр байрлан 650 км тэмээгээр аялахад хүний мөн чанар танигдана. Мэдээж телевизийн шоу гэдэг утгаараа “Gobi challenge-2020” олон өдрийн эксрим аялалд хүн оролцсон болохоор харилцааны олон асуудал аяллын шугам дээр гарна. Магадгүй гуравдагч хүний нүдэнд сүртэй асуудал биш боловч тухайн хоёр хувьд хүнд асуудал байж болох шүү дээ. Аяллын нөхцөл байдал хүний унаган араншинг хурцалдаг. Харин дүгнэлтийг үзэгчид хийх цаг тун ойртож байна” хэмээн нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.