УПЕГ: ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүүг ШАЛГАСАН ЗҮЙЛ байхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-13

Улсын Прокурорын Ерөнхий газраас 2020 оны хэргүүдэд хяналт тавьсан тухай тайлангаа тавилаа. Энэ үеэр сэтгүүлчид хамгийн сүүлд шуугиан дэгдээгээд буй нэг асуудлыг тодрууллаа. Тэр нь ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг хандив тусламжаас хумсалсан гэх хэрэг байв. Прокурорын байгууллгаас "Д.Нямхүү захиралтай холбоотой хандив тусламж авсан гэх хэрэг АТГ-т байхгүй, шалгагдаагүй" гэдгийг онцоллоо.

Тус байгууллагын зүгээс  2020 онд цар тахал дэгдсэн байсан ч прокурорын байгууллага нь хуулиар нэгмөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ тасралтгүй хэрэгжүүлж ажилласан. Иргэдийн хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор цахимаар хүлээн авч, шийдвэрлэв. Тухайлбал, зөрчлийн  1775 хэрэгт хяналт тавин ажилласан. Зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хэргийн дийлэнхийг цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна. Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан.

Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн. Өнгөрсөн онд УИХ, орон нутгийн ээлжит сонгууль болсон.  УИХ-ын сонгуультай холбоотойгоор 1580 гомдол, мэдээлэл ирж, 139 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн бол 1306 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 26 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 98 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. Орон нутгийн ээлжит сонгуулийн шатанд 700 гомдол, мэдээлэл ирж хяналт тавьсан ба 34 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, 624 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 11 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 18 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 13 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгажээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.65.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.