Р.Булгамаа: Шүүх эрх мэдлийн байгууллагын томилгоонд УИХ оролцсоноор нийгэмд шударга ёс тогтчихгүй
Үйл явдал
/
2021-01-14

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 31 дэх жилтэйгээ золголоо. Ардчиллын үнэт зүйл бол хууль заавал хэрэгждэг, түүнийг зөрчвөл гарцаагүй хариуцлага хүлээдэг шударга ёс тогтоох явдал билээ. Үүнийг хангах механизм нь хараат бус, бие даасан шүүх засаглал. Бид энэ талаар гучин жилийн турш ярьсаар, тунхагласаар ирсэн хэдий ч бодит ажил хэрэг болгох улс төрийн хүсэл зориг үгүйлэгдсээр байгаа юм болов уу гэж ажиглагддаг. Үүнтэй холбогдуулан хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай шүүхийн тогтолцооны шинэчлэл болон улстөрийн хараат бус байдлын талаар ярилцлаа.

-Шүүхийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулан шүүхийн тогтолцооны шинэчлэлийн талаарх байр суурийг тань сонсохоор зорьж ирлээ. Таны бодлоор шүүхийн шинэчлэл хууль зүйн үүднээс хэр зөв явж байна вэ?

-Шүүхийн шинэчлэлийн асуудал 2002 оноос эхтэй. Тухайн үеэс Шүүхийн тухай болон Эрүү, Иргэний, тэдгээрийн процессын хуулийг цогцоор баталж хэрэгжүүлж байсан. Улмаар  2012 онд  Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг багц хуулиуд батлан хэрэгжүүлснээр энэхүү шинэчлэл үргэлжилсэн гэж үздэг. Одоо УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл бол өмнө нь баталж хэрэгжүүлсэн тэдгээр хуулийг нэгтгэсэн төсөл юм.  Энэхүү төслөөр дээрх хуулиудад тусгагдсан агуулга ижил заалтуудыг нэгтгэн, нэг мөр болгож байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаасаа харьцангуй төвлөрсөн зохицуулалт бий болгож буй талтай. Хуулиудыг нэгтгэн төвлөрүүлэхэд асуудлын гол агуулга оршиж байгаа юм биш ээ. Одоо үйлчилж байгаа хуулийн чухам ямар зохицуулалт, зүйл заалтууд нь энэ төрлийн харилцааг зохицуулахад учир дутагдал, доголдол үүсгэж байна вэ гэдэгт тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн төсөлд цоо шинэ, ялангуяа шударга ёс, шударга шүүхийг бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой зохицуулалтууд илэрхий харагдаж байх учиртай.

Ер нь шүүхээр оролдоно гэдэг нэн аюултай. Тиймээс хуулийн төсөл, түүнд тусгагдаж буй санал бүрийн цаана орших практик ач холбогдол, үр дагавар зэргийг маш сайн олж харах хэрэгтэй. Шулуухан хэлэхэд шинэчлэлд хамаарах шинэлэг зохицуулалтын үр нөлөө хэр оновчтой байсан нь цаг хугацааны шалгуур болон үлдэж байна. Гэвч шударга ёсны индэр болсон шүүхийн шинэчлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг цаг хугацааны хэмжүүрээр тодорхойлоод орхиж болохгүй.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар шүүх хараат бус болно гэдэгтэй та санал нийлж байгаа юу?

-Энэ хуулийг шүүхийн хараат бус байдлыг хангах олон улсын жишгийг илтгэх эх сурвалж, лавлагаа болох болов уу гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа олон талын мэдээлэлтэй, ил тод, нээлттэй байх нь зөв шийдвэр гаргах нэг үндэс юм шүү дээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд дэвшилттэй сайн зүйлс олон байгаа боловч анхааралтай хандах учиртай асуудал ч цөөнгүй байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийг шилж сонгох, Шүүхийн сахилгын хороо нь шүүгчид хариуцлага тооцох үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс энд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ажиллах асуудлыг хэрхэн хангахаас л шинэчлэл зөв гольдролоор явах эсэх нь шууд шалтгаална. Хэрэв энэ томилгоо хууль эрх зүйн хүрээнд шударга явагдахгүй бол бүр эсрэгээрээ ”нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болох эрсдэл үүсэхийг ч үгүйсгэшгүй.

-Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг цөөнгүй хийсэн ч шүүх байгууллагын нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа нь дээрх  шинэчлэлүүд үр дүнгүй, шаардлага хангаагүй байгаагийн илрэл. Тэгэхээр иргэдийн итгэлийг бүрэн олж авахын тулд зайлшгүй дахин шинэчлэл хийх шаардлага тулгарч байна аа даа?

-Тийм ээ, шүүхийн нэр хүнд нийгэмд уначхаад байгаа талаар шат шатандаа л ярьж байна. Энэ ам дамжсан ярианд албан ёсны байдлаар хандаж үнэлэлт дүгнэлт өгөх цаг хэдийнэ болжээ.

Өнөөгийн байдлаар Монголд “шүүгч болгон хахууль авдаг” гэсэн нэр зүүчихсэн яваа гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Энэ дам яриа иргэдийн шүүх байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Нөгөөтээгүүр “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог”. 500 гаруй шүүгч бүгд авилгалд өртчихсөн үү гэвэл, үгүй. Гэвч тэд ээлж дарааллан олон түмний өмнө гарч “би авилгал аваагүй” гэж хэлэх, эсхүл шийдвэрлэсэн хэргийнхээ талаар нарийн тайлбарлаж, өөрийгөө өмгөөлөөд явах боломжгүй. Үг хэлэх, аж ахуй эрхлэх гэх мэт үндсэн эрх нь ажил үүрэгтэй нь холбоотойгоор хязгаарлагдсан хүмүүс байдаг. Магадгүй энэ байдал үзүүргүй утас шиг хөврөх ийм дүгнэлт үүсгэж байхыг ч үгүйсгэхгүй.

Уг нь 2012 оны тавдугаар сарын 22-нд баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 9.1.1 болон 9.1.2-д Шүүхийн захиргааны байгууллага болох Ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах чиг үүргийг тусгаж өгсөн юм билээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ асуудлаар хариуцсан байгууллагууд нь ч тодорхой тайлбар мэдээлэл хийсэнгүй. Олон нийтийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 66 хувь нь шүүхийн үйл ажиллагааг хэвийн гэж үзсэн бол шүүхээр огт  үйлчлүүлж байгаагүй иргэдийн 30 хувь нь л үйл ажиллагаа хэвийн гэж үзсэн байдаг. Үүнээс харахад хаана хаанаа дүгнэлт хийж хараат бус шүүхийг бэхжүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бий болгохын тулд хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй болсон нь илэрхий байна. 

-Шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй иргэдийн шүүх байгууллагад өгсөн дээрх үнэлэлт дүгнэлтэнд дүн шинжилгээ хийсэн судалгаа байдаг уу?

-Ний нуугүй хэлэхэд, иргэд өөрийн үзсэн мэдэрснээр бус, дам яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж буй цөөн хэдэн хэргийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг дүгнэж байна.

Шүүхээр эрхээ хамгаалуулсан олон мянган иргэд байгаа ч бүгд “би шүүхэд хандаж, эрхээ хамгаалууллаа” гэж зарлаж тунхаглаад явах шаардлага байхгүй шүү дээ. Мөн амьдралдаа шүүхэд нэг ч удаа хандаж үзээгүй хүмүүс ч олон бий. Тэд олон нийтэд танилцуулагдаж байгаа мэдээллээс л ойлголт авч байгаа.

Нөгөөтээгүүр, иргэд шүүгч авилгал авах явдал түгээмэл байна гэж үзэж байгаа хэрнээ яагаад тухайн шүүгчийг АТГ-т өгөхгүй, шалгуулахгүй байна вэ. Эсвэл АТГ-т хандсан ч тэд тухайн шүүгчийг шалгаж, асуудлыг шийдвэрлэхгүй байна уу. Эсвэл авлигал авсан гэдгийг нь нотолж чадахгүй байна уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, судалгаа гаргаж байгаа хүмүүс судалгааныхаа аргачлал, үндэслэлд сайн анхаарахгүй бол бүх шүүгчийг харлуулах, шүүх эрх мэдлийн байгууллагыг хүчгүйдүүлэх ойлголт нийгэмд даамжрах вий гэсэн эмзэглэл төрдөг.

Түүнчлэн “шүүгч авилгал авдаг” гэдэг нь нотлогдож хуулийн зохих хариуцлага хүлээсэн практик бий юү гэвэл бий. Тухайлбал, өнгөрсөн онд олон нийтийн анхаарлын төвд байсан Салхитын мөнгөний ордтой холбоотой  хэрэгт хамаарал бүхий шүүгчдээс гурав нь гэм буруутайд тооцогдож, ял авсан.  Уг хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж дууссан бөгөөд эрх нь сэргээгдсэн шүүгчид ажилдаа эргэн ороод байна.

-Шүүхийн хараат бус байх зарчим суурь хуулиар хэр зохицуулагдсан байдаг вэ?

-Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” талаар маш тодорхой тусгасан. Шүүхийн тухай хуулийн хүрээнд энэ зохицуулалт илүү дэлгэрэнгүй хуульчлагдан зохицуулагдах учиртай. Учир нь, шүүхийн хараат бус байх зарчим суурь хуулиар бүрэн хангагдаж чадахгүй байна. Төрийн эрх мэдэл хуваарилалтын онолоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн гурван байгууллага бий. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.  Гэтэл УИХ шүүх эрх мэдлийн бүтцийн байгууллагын гишүүдийг томилох ажилд хэт давамгай байр сууринаас оролцох гээд байгаа нь шүүхийн хараат бус байдалд хуулиар далимдуулан халдах, шүүхийг улс төрөөс хараат болох нөхцлийг бүрдүүлж байна.

-Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тухай асуудлыг тойрсон яриа хэлэлцүүлэг нэлээд өрнөж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны эрх зүйн үндсийг зохицуулж өгсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцолгүй, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлэх чиг үүрэгтэй.  Хуучин хуулиар  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хуульчдын холбоо, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус тус нэг хүнийг санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байсан.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж томилдог болсон. Гэтэл одоо өргөн барьж буй Шүүхийн тухай хуулийн төсөлд нээлттэй нэр дэвшүүлэх таван гишүүнийг УИХ-аас нээлттэй сонгон шалгаруулалт нэрийдлээр томилдог байх зохицуулалт оруулжээ. Энэ нь нэгдүгээрт, ШЕЗ-ийн гишүүдийг бүрдүүлэхдээ хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага, шүүгч хуульчдын төлөөллийг оролцуулж хангадаг байсан зарчмаасаа татгалзаж байгаа нь хууль зүйн ухралт юм. Хоёрдугаарт, УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тус байгууллага хуулийн засаглалаараа дамжуулан төрийн эрх бүхий албан тушаалтан, ШЕЗ, Сахилгын хороо зэрэг бүтцийн гишүүдийг томилох томилгоонд оролцох чиг үүрэгтэй болж байгаа нь маш буруу жишиг, чиг хандлага юм.

2012 оны гуравдугаар сарын 07-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, улмаар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох “Хуульчдын холбоо” байгуулагдаж, хуульчид бид татвараа төлөөд явж байгаа. Ийм мэргэжлийн байгууллага байсаар атал ШЕЗ, Сахилгын хороонд төлөөллөө оруулах хууль зүйн боломжийг нь хязгаарлах зохицуулалтыг хууль тогтоох байгууллага өөрөө хийж байгаа нь нэг талаасаа хуулийн дээрэм гэдэг нь л байх даа.

Эцсийн дүндээ ийнхүү УИХ-аас  ШЕЗ, Сахилгын хорооны томилгоонд оролцох  нь шүүх эрх мэдэл, улс төрөөс хараат байх мөр замналыг бий болгож байгаа алхам шүү. Улс төрийн сонгуульд олонхи болсон улс төрийн аль нэг хүчин Нээлттэй хэлэлцүүлэг нэртэй драм зохион байгуулж, өөрсдийн гар хөл болох хүнийг томилон шүүх засаглалд нөлөөлж оролцох гарц болчих вий дээ. Шүүх засаглалыг аль болох улс төрөөс ангид хол байлгаж мэргэжлийн удирдлага чиг баримжаатай, хяналтын тогтолцоо нь хөндлөнгийн чиг хандлагатай байж гэмээнэ шударга ёсны зарчим хангагдаж, шударга ёс тогтоно шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийг баталж Сахилгын хороо байгуулснаар энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж судлаачид яриад байгаа шүү дээ.

-Сахилгын хорооны асуудал ч мөн анхаарал татсан. Үндсэн хуулийн 49.6-д “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Энэ зохицуулалтыг дэлгэрүүлж шүүхийн тухай хуулийн төсөлд зааснаар Сахилгын хорооны есөн гишүүний дөрвийг нь шүүгчдээс, тавыг нь мөн л нээлттэй сонгон шалгаруулалт нэрийн дор сонгох юм билээ.

УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа уг хуулийн төсөлд хөндөгдөөд байгаа Сахилгын хорооны чиг үүргийг одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн захиргааны хуулийн 32 дугаар зүйлд заасан Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн Ёс зүйн хороо хэрэгжүүлж байсан юм. ШЁЗХ 2015 оноос хойш давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 20 гаруй хувьд нь сахилгын шийтгэл үүсгэн шалгаж 69 шүүгчид шийтгэл ногдуулснаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж 18 шүүгч шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Энэ бүхнээс харахад Сахилгын хорооны эрх зүйн үндсийг тодорхой болгож сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг нарийн тодорхой хуульчилж, хүлээлгэх хариуцлагын асуудлыг нарийвчлан авч үзэх хэрэгтэй байна.

Нөгөөтээгүүр, “одоогийн Сахилгын хороо ажлаа хийж чадахгүй байна” гэж зарим судлаачид үзсэн байна лээ. Өмнө нь ёс зүй, сахилга гэсэн хоёр өөр зөрчлийн төрлийг хольж яриад байсан.  Мөн мэргэжлийн алдааг ёс зүйн эсхүл сахилгын алдаатай хольж яриад байдаг. Өмнө нь Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилдог учраас хараат байсан гэсэн байр суурь илэрхийлж байгаа зарим хүн тус хороонд ажиллаж байсан нь хачирхалтай. Энэ мэт тодорхой бус асуудал олон байна.

-Яг ямар алдааг мэргэжлийн ил тод алдаа гэж үзэх ёстойг хуулиндаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй гэж үү?

-Яг тийм. Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгчийн сахилгын зөрчилд тооцох 40 үндэслэлийг тусгасан. Эдгээр үндэслэлд анхаарч эргэн харах шаардлагатай заалтууд ч байгаа. Тухайлбал, хуулийн илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, шүүхийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай үндэслэлийг огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон, мөн сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн заалт байна. Эхний хоёр үндэслэл нь шүүгчид сахилгын зөрчил тооцох гэхээс илүү мэргэжил ур чадвартай холбоотой асуудал учир давж заалдах болон хяналтын шатны шүүхээрээ хянагдаж зөвтгөгдөж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн мэргэжлийн алдаануудыг сахилгын зөрчилд хамааруулж энэ нь эргээд шүүх засаглалын хараат бус байдалд нөлөөлөх үндэслэл бүрдэх вий. Тиймээс шүүгчийн мэргэжлийн алдааг дээд шатны шүүх бус Шүүхийн Сахилгын хороо шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна.

Түүнчлэн сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд дахин сахилгын хэрэг үүсгэх заалтыг тусгасан нь  бодит байдал дээр хор уршиг ихтэй асуудал болно  гэж харж байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгч сахилгын хорооны дуудснаар хүрэлцэн ирэх, үнэн зөв тайлбар өгөх, сахилгын хорооны шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй бол Сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн сахилгын хэрэг дахин үүсгэнэ гэж заасан байна. Энэ нь, сахилгын хороо шүүгчийг удаа дараа үндэслэлгүйгээр дуудах хэлбэрээр нөлөөлөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хөндөх, нөгөө талаар өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглох” заалттай зөрчилдөж байгааг анхаарах л учиртай.

Мөн “шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд, сахилгын хорооны гишүүн ажиллагаа явуулаад сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт эсхүл хэрэгсэхгүй болгох саналын аль нэгийг гаргана. Уг саналыг гурван гишүүний бүрэлдэхүүнээр хэлэлцэнэ. Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, эсэргүүцлийг таван гишүүний бүрэлдэхүүнээр хэлэлцэж тогтоол гаргана. Тогтоол эцсийнх байна” гэж уг төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байна.

-Шүүхийн тогтолцоонд өмнө нь хийсэн шинэчлэлүүдийг нэгтгэсэн, тулгамдаж буй бүх асуудлыг бүрэн шийдвэрлэх ач холбогдолтой хэмээн судлаачдын ярьж, дүгнэж буй уг хуулийн төсөлд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Тэгэхээр Шүүхийн тухай хуулийн энэ төслийг дахин бүрэн шинэчлэх хэрэгтэй юү?

-Хуулийн төслийг бүхэлд нь шүүмжилж байгаа юм биш шүү. Зарим зохицуулалт нь дэлхийн жишиг хандлагаас ухарч байна гэдгийг л сануулж байгаа юм. Тухайлбал, шүүгчийн мэргэжлийн алдааг шууд сахилгын зөрчилд тооцох нь буруу бөгөөд олон улсын шүүгчдийн дүрмээр хууль хэрэглээний алдааг дээд шатны шүүх засдаг жишиг хандлага байдаг.

Мэргэжлийн алдаа гэдгийг энгийн байдлаар тайлбарлая. Одоо яригдаж буй хуулийн төслийн дагуу бол шүүгч Түрээсийн гэрээг Эд хөрөнгө хөлслөх гэрээ гээд дүгнэчихсэн байвал бараг л Сахилгын хороогоор орох нь ээ. Ийм байдлаар асуудлыг хэт дэвэргээд байвал шүүгчийн хууль хэрэглэх итгэл үнэмшил сарнихад хүрнэ шүү дээ.

Гэтэл Дээд шатны шүүгчдийн гаргасан шийдвэрийг ямар ч тохиолдолд хянадаг тогтолцоо байхгүй. Тэгвэл тэдний хууль хэрэглээний алдааг яах ёстой вэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Улсын дээд шүүхэд хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Тодруулбал, илт маргаангүй хуулийн заалтыг буруу хэрэглэсэн нь мэргэжлийн алдаа зөрчилд тооцогдох нөхцөл болох бөгөөд үүнийг дээд шатны шүүхээр тогтооно гэсэн энэ зохицуулалт олон сөрөг үр дагавар үүсгэх магадлалтай.

Мөн шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэх өнөөгийн хууль тогтоомжид байхгүй ойлголтыг уг хуулийн төсөлд зориуд бий болгож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хороонд хадгалагдах учиртай чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хамааруулж, шүүгчийг ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийнх нь хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр огцруулах бус чөлөөлөхөөр заасан нь шүүгчийг дээд шатны шүүхээс улам бүр хараат байдалд оруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар олгогдоогүй чиг үүргийг хариуцуулах учир дутагдалтай зохицуулалт байна.

Шулуухандаа, улс төрөөс хараат бус шүүхийг бүрдүүлж байна гэсэн атлаа тэрхүү зөрчлийг шийдэх Сахилгын хороог бүрдүүлэхдээ УИХ-аас нээлттэй сонгон шалгаруулалт нэрийдлээр томилох гэж байгаа нь шууд утгаараа Монгол Улсын шүүх улс төрөөс хамааралтай болох нөхцлийг бүрдүүлж байна. Энэ бол хамгийн эрсдэлтэй бөгөөд буруу хандлага. Үүнээс л шүүхийн хөгжлийн гацаа үүснэ.

-Хуулийн төслөө олон нийтэд ил мэдээллэхгүй байгаа талаар та өмнө нь бас хөндөж байсан.

-Тийм ээ. Шүүхийн асуудал бол Шүүх эрх мэдлийн байгууллага, хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн,  хуулийн этгээдийн эрх зүйн байдалд  хамаарах өргөн хүрээний асуудал. Гэтэл ажлын хэсгийн гишүүд, хууль санаачлагчид хэсэгчилсэн тодорхой асуудлаар л олон нийтэд мэдээлэл хийж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сайтад хэлэлцэж буй байршуулсан хуулийн төсөлдөө шинээр оруулсан өөрчлөлт, зүйл заалтуудаа шинэчлээгүй хэвээр л байна.

-Өнгөрсөн онд Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ-д ижил төрлийн хоёр хуулийн төсөл өргөн барихад нэгтгэн хэлэлцдэг практик бий. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн багц хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Үүнд улстөрийн үзэл суртал, хараат байдал нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуульд өөртөө эрх мэдэл авах, шүүхтэй холбоотой томилгоо хийх агуулга бүхий зохицуулалт байна гэж тэд тайлбарласан. Тийм зүйл байхгүй ээ. Харин ч тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан хуулийн төслийг санаачилсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох гэх мэт тодорхой бүрэн эрхүүдээс татгалзаж, энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн. Өөрт ногдсон тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан Ерөнхийлөгч манай түүхэнд өмнө нь байгаагүй. Энэ ч утгаараа Х.Баттулга Ерөнхийлөгч анхдагч болсон. Харамсалтай нь, хуулийн төсөл санаачлагчид болон УИХ-ын гишүүд үүнд бодитой хандаж чадсангүй. Асуудлыг улстөржүүлэн саармагжуулж, улмаар өөр зохицуулалт суулгах тактикаар энэ хуулийн төслийг боловсруулсан гэж үзэж байна. 

-Шүүх байгууллагын тогтолцоотой холбоотой эрх зүйн шинэчлэлд таны бодлоор чухам юу үгүйлэгдэж байна вэ?

-Олон улсын жишигт нийцсэн, шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлж, хараат бус байдлыг нь бүрэн хангах хэмжээний маш тодорхой бодлого, зохицуулалт чухал. Энэ утгаараа иргэдийн итгэлийг хүлээсэн, эрхийг нь хангасан шударга тогтолцоог бүрдүүлэн, нэр хүндтэй шүүхийг байгуулахад эрх зүйн шинэчлэлийн зорилго агуулга чиглэгдэж байх учиртай.

Хуулийн төслийн шинэчлэлийн хүрээнд Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зарим гишүүнийг  сонгох асуудлын тухайд Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр тусгасан нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн зарчмыг илэрхий гажуудуулсан алхам болж байна. Энэ алхам  ноцтой үр дагавар дагуулахыг ч үгүйсгэхгүй. Гэтэл эрхэм гишүүд энэ зохицуулалтаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгож, томилсон үйл явцтай дүйцүүлж, улс орон даяараа нээлттэй хэлэлцэнэ гэх мэтээр иргэд олон тийтийн анхаарлыг татахуйц гоё үгээр тайлбарлаж байна.  Хүний эрхийн комисс бол Улсын Их Хурлын харьяаны байгууллага. Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл бол Шүүх эрх мэдлийн байгууллага. Энэ ч үүднээсээ шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагыг Улсын Их Хурлын харьяаны байгууллагатай адилтгаж, олон нийтийг төөрөгдүүлээд байгаагийн цаад зорилго юунд оршиж байна вэ гэсэн хардлага төрж байна. 

Нөгөөтээгүүр, УИХ бол улстөрийн сонгуулийн үр дүнд сонгогдсон улс төрчдөөс бүрддэг байгууллага. Гэтэл улстөрийн ямар хүчин давамгайлж байгаагаас үл хамааран Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоонд УИХ оролцох нөхцлийг бүрдүүлж байгаа нь эцсийн дүндээ  шүүх эрх мэдэл улс төрөөс хараат бус орших үндсийг үгүй хийж буй хэрэг.

Мөн шүүхийн шүүн таслах ажиллагаанд тавих  иргэний хяналт  маш  чухал.  Энэ үүргийг гүйцэтгэж байгаа иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, хүлээх үүрэг, сонгон шалгаруулалт зэрэгт анхаарах асуудал байгааг практик харуулсаар байгаа. Хатуухан хэлэхэд, Иргэдийн төлөөлөгчид хууль эрх зүйн мэдлэг дутмаг, боловсролын хувьд дүгнэлт хийх чадамж тааруу учир гаргасан дүгнэлт нь алдаа дутагдал ихтэй байна. Шулуухандаа, хуралдаанд суусан цагаа тооцуулж цалин авдаг, хэлбэр төдий зүйл болж хувирчхаад байна.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгах, энэ шаардлагыг давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд нэгэн адил хамааруулах зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгайлан заах хэрэгтэй. Шүүхийн хууль тогтоомжийн хүрээнд анхаарах ёстой гол асуудлын нэг нь иргэдийн төлөөлөгчийн үг, байр суурийг үнэлэх явдал юм. Шүүх эрх мэдэл дэх ардчилсан ёсны гол илэрхийлэл нь иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын салшгүй хэсэг болж шүүн таслах ажиллагаа иргэдэд нээлттэй, шударга ёсны зарчмаар явагдаж байж гэмээнэ иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэж, шүүхийн нэр хүнд өсөх зэрэг эерэг үр дүн бий болно. Шүүхийн шинэчлэл, хараат бус байдал ийм л энгийн зүйлээс эхэлнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.