С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хэрүүл Дээд шүүх дэнсэллээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-15

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ. Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар  баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

АН 30 насандаа "таалал төгсөж" дарга нар нь ТАМГА ТЭМДЭГНИЙ хэрүүл хийж өдөр хоногийг хөөрхийлөлтэйгөөр өнгөрүүлж байна. АН-ын дарга гэж өөрийгөө тодорхойлоод буй С.Эрдэнийн хувьд "Улсын дээд шүүх дээр Ардчилсан намын үндсэн дүрмийг бүртгэх асуудлаар намын хэсэг гишүүдийн хүргүүлсэн хүсэлтийг хүчингүй болгох асуудлыг тавьсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа намын хууль ёсны дүрмийг миний бие улсын дээд шүүхэд тавьсан. Хоёр талын байр суурийг хангах үүднээс УДШ-ийн иргэний танхим хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд Ардчилсан намын аравдугаар их хурал, Ардчилсан намын даргаар Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль ёсных мөн эсэхийг тогтоох Улсын дээд шүүхийн хурал өнөөдөр болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ардчилсан намын Аравдугаар их хурлыг хууль ёсных биш хэмээн үзэж, Ардчилсан намын даргаар Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарчээ" гэв.

"

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.