УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтооно
Үйл явдал
/
2021-01-16

УИХ-ын даргын зөвлөл өчигдөр (2021.01.15) хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байна. Энэхүү дарааллаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Мягмар гаригт буюу нэгдүгээр сарын 19-нд хуралдаж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэлэлцэх ажээ.

Мөн энэхүү хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэглэх техник хэрэгслийн тухай ч хэлэлцэх юм.

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард хэлэлцэн баталсан ч санал хураалтыг хэдний өдөр зохион байгуулах, энэхүү сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал шаардаж байгаа вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай  УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тодорхой болгохоор болсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно хэмээн заасан.

Ингэхдээ өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй байх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан нь хуульчдын дунд ихээхэн маргаан дагуулсан сэдэв хэвээр буй.  Нэг хэсэг нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь боломжгүй гэж тайлбарладаг. Иймээс эл асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан ирвэл хэлэлцэж, шийдвэрээ гаргах, мөн Улсын Дээд Шүүх тайлбар хийх гэсэн арга л үлдэж байгаа юм.

Шинэ долоо хоногт Ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ ямар хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуваариас харах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.