Х.Баттулга: Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход хүчин чадлаа бүрэн дайчилна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-20
МОНГОЛ ТӨРИЙН ЭРХЭМ ҮҮРЭГ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЗАХИАС ДААЛГАВАР, ЧИН ХҮСЭЛ
"Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан. Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.
 
Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал:
- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
- Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
- Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.
Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна."
Монгол Улсын Ерөнхийлөгч
Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотоос
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.