Сэлэнгэ аймгийг эрүүл бүс” болгоход мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн санал боловсруулахаар боллоо
Үйл явдал
/
2021-01-21
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн дарга нарын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
 
1.Аймгийн дулаан хангамжийн нөхцөл байдлын мэдээллийг “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар танилцуулав. Тус аж ахуйн нэгжийн тухайд олон жилийн өр, авлагын хуримтлалаас үүдэн санхүүгийн нилээдгүй бэрхшээлтэй байна. Багануур, Зэлтэрийн уурхайгаас нүүрсний нөөцөө бүрдүүлэн 2020-2021 оны өвөл, хаврыг даван гарахаар ажиллаж байна. Уурхайнууд руу сард дундажаар тээврийн зардалд 135 сая төгрөгийг зарцуулан ажиллаж байгаа ажээ. Дулааны станц нь 30 жил болж байгаа 2, найман жил болж байгаа 1, нийт 3 зуухтай үйл ажиллагаагаа явуулж байгаа.
 
Цаашид үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахад 20 МВт-аас дээш хүчин чадалтай 2 зуух суурилуулах шаардлагатай бөгөөд түүнд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй хэмээн танилцууллаа. Аймгийн төв Сүхбаатар сумын дулаан хэрэглэгчийн ачаалал жилд дундажаар 1,1-1,3 Гкал дулаанаар нэмэгдэж, дулааны шугам хоолойг уртасгахын хэмжээгээр сүлжээний горим хүндрэлтэй болж байгааг онцолсон. Нийт хэрэглэгчдийн 80 орчим хувь нь айл өрхүүд байна. Тус байгууллага айл өрхүүдээс 260 орчим сая төгрөгийн авлагатай хэдий ч авч чадахгүй байгаа ажээ.
 
Нийт иргэдэд хамаарах, аймгийн онцгой обьект учир анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга онцлон тэмдэглэлээ.
 
2.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн хэвийн явуулах талаарх танилцуулгыг АНЭ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэчимэг танилцууллаа. Эмнэлгийн захиргаанаас гамшгаас хамгаалах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд эрсдлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулжээ.
 
-Эмнэлгийн ажиллагсад, үйлчлүүлэгчдийн зорчих хаалгуудыг тусгаарлах
-Ачаалал ихтэй кабинетуудын байршлыг сэлгэж,сийрэгжүүлэх
-Online үзлэг зөвлөгөөг хэрэгжүүлэх
-Эмнэлэг дотор халдвар тархахаас сэргийлэх
-Эмнэлгийн дотоод хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг үндсэн зорилтуудын хүрээнд ажлаа нарийвчлан төлөвлөсөн байна.
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн дарга нарын ээлжит хуралдаанаас:
-Нэгдсэн эмнэлгийг халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор эмнэлгээс боловсруулсан нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллуулахаар,
-“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ыг нүүрсээр тасалдуулахгүй байлгахаар,
-Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 217 халдварын тохиолдол бүрэн эдгэрч, халдварын тохиолдол бүртгэгдээгүй 28-аас дээш хоног руу орж байгаа тул “Сэлэнгэ аймгийг эрүүл бүс” болгоход ДЭМБ-аас барьж буй чиглэл, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн санал боловсруулахаар боллоо.
 
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:
 
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг халдвар хамгааллын дэглэмийг дээд цэгт тавьж ажиллахыг онцгойлон анхааруулъя. Бид ковидтой цаг үед ажиллаж амьдарч байгаа гэдгээ цаг ямагт санаж байх хэрэгтэй. Үйлчлүүлэгч, эмч ажилчид хэн хэн нь дэглэм журмыг ягштал мөрдөх ёстой.
 
Бид иргэдээ бодох учиртай. Дархан-Уул аймгаас чөлөөтэй бараагаа татан авдаг, дамжин өнгөрдөг, зорчоод ирдэг байхын тулд “Эрүүл бүс”-ээ баталгаажуулах нь чухал байна. Одоо иргэдээсээ эхлээд бүгдээрээ хариуцлагаа өндөржүүлж, илүү их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Бид энгийн үед биш өндөржүүлсэн бэлэн байдын зэрэгт шилжин ажиллаж байгаа гэдгээ ямагт санаж, хаа хаанаа хариуцлагаа л өндөржүүлье. Одоо бид үр дүнгээ хамгаалах нь л чухал байна” гэлээ.
 
Мөн аймгийн хэмжээний бүх аж ахуйн нэгж, байгууллагууд QR кодыг заавал нааж, үйлчлүүлэгч бүрийг уншуулж хэвшүүлэхийг чиглэл болголоо.
 
Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос онцгой нөхцөл байдалд тэргүүн эгнээнд ажиллаж буй зарим байгууллагуудад халуун хэмжигч, гар халдваргүйжүүлэгчийг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.