МАНАЙ УЛС авто засвараа ВЬЕТНАМЧУУДАД, зам барилгаа ХЯТАДУУДАД, хоолын газраа СОЛОНГОСЧУУДАД алдчихсан....
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-25

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

НЭГДҮГЭЭРТ, Гадаадад ажиллаж амьдарч байгаа 120,000 гаруй иргэдийн эрх ашиг гэдэг хамгийн том асуудал. Энэ хүмүүс бол хамгийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг. хамгийн эрсдэлтэй ажил хийдэг. Хамгийн бага цалин авдаг ийм л хүмүүс. Яамны өгсөн судалгаагаар тухай ажиллаж байгаа улсынхаа дундаж цалингаас 30 хувь бага цалин авдаг, эрх ашиг нь хөндөгддөг. Эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн 40 хувь нь авч чаддаггүй, Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй ийм нөхцөлд байдлыг " АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ" хуульд ямар түвшинд, яаж шийдэх юм бэ.

ХОЁРДУГААРТ, Эх орондоо амьдарч байгаа мөртлөө гадаадад ажиллаж байгаа юм шиг эрх ашиг нь зөрчигддөг олон мянган хүн байна. Уул уурхайн компаниудад амралтгүй, удаан хугацаанд ажилладаг, гэр орондоо очих боломж хомс, хугацаагүй, чөлөөгүй ажиллуулдаг энэ асуудлыг хуулинд яаж шийдэх вэ...

ГУРАВДУГААРТ, Гадаадаас Монголд ирж ажиллаж байгаа ажилчдын асуудал байна. Жилд 10.000 орчим гадны ажилчид ирдэг гэсэн. Энэ бол Монгол залуучуудынхаа ажил хөдөлмөр эрхлэх гадныханд алдаж байна гэсэн үг. Бараг үндсэндээ гадаадаас ирж ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувь нь мэргэжил шаардахгүй барилгын ажил дээр очдог. Монгол залуучууд ч гэсэн энэ ажлын ажиллах, хөдөлмөрлөх хэрэгцээ шаардлага, хүсэл тэмүүлэл нь байгаа.

Цаашдаа Монголчуудынхаа хийж чадах боломжтой ажлын байруудыг гадныханд найр тавьж өгдөг ийм тогтолцоо хэвээр байгаад байх юм уу. Одоо жишээ нь Вьетнам засварыг хар л даа. Бүх автомашины засварыг Вьетнамчуудад алдчихсан сууж байгаа биз дээ. Монгол залуучууд Вьетнамчуудаас илүү хийх, машин засах чадвар боломж нь байгаа гэж би ойлгодог. Гаднаас ажиллах хүч ажиллуулсны төлбөр Хөдөлмөр эрхлэлтийн санд ордог. Энэ санд байдаг 20-30 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг зөвхөн МСҮТ-д сурдаг оюутнуудын төлбөр болгомооргүй байна.

Хамгийн гол нь энэ мөнгө гадныханд алдаж байгаа 10,000 ажлын байранд ажиллах Монгол залуучуудаа мэдлэг, чадвартай болгоход зориулагдах ёстой. Оюутнуудын цалинг гадны ажиллах хүчний төлбөрөөр хийж болохгүй. Одоо бид ямар өрөвдөлтэй болсныгоо олж хар л даа. Вьеьнамчуудад авто засвараа, Хятадуудад зам, барилгаа, Солонгосчуудад жижиг ресторан хоолны газруудаа, Индонез Филиппинүүдэд үйлчилгээний салбараа алдаж байна. Гэтэл судалгаанд ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 70.000 - 80.000 Монгол залуучууд байна шүү дээ. Байнгын хорооныноос ажлын байртай холбоотой хэлэлцүүлэг хийхэд 33.000 нарийн мэргэжлийн ажилтан авъя гэсэн захиалга байна гэдэг шдээ. Энэнтэйгээ уялдуулж Төрийн бодлого явдаг юм биш үү.

Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь жаргал хөөгөөгүй амьдрал хөөгөөд явж байгаа. Тэндээ хойд эцгийн гар харсан шоовдор хүүхдүүд шиг байдаг. Очоод хамгийн хүнд, хортой нөхцөлд, хамгийн бага цалинтай ажилладаг.Судалгаагаар монголчууд тухайн орныхоо иргэдээс 30-40% бага цалин авч бна. Энэ хүмүүс сонголтгүй болоод л гадагшаа өөр улсыг зорьж байгаа. Монгол Улс малаа тоолчихдог мөртлөө хүнээ тоолж чаддаггүй улс болчихоод байгаа. Өнөөдөр гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ тоог яг үнэн мөнөөр нь хэлж чадахгүй ойролцоогоор 120.000 байна гэж хэлж байгаа чинь гутамшиг шүү. Нэг Монгол хүний аж амьдрал, Нэг Монгол хүний ам нас, эрүүл мэнд үнэтэй юм байгаа биз дээ. Гадаадад ажиллаж байгаа 3 хүний 2 нь тухайн улсдаа Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаггүй, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгааг энэ хуулиараа зохицуулсан заалт оруулах ёстой. Энэ ганцхан ХНХЯ-ны ажил биш Гадаад харилцааны яамны хамт хийх ёстой ажил гэж бодож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.