О.Ням-Очир: ЕБС-ийн хичээлийг 2 дугаар сарын 15-наас ТАНХИМААР явуулах санал гарч байгаа гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-27

2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ба цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болсон талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээллээ. Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс байх уу, хоёрдугаар сарын 15-наас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ

Тэрээр "Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 2, 3-р сардаа нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна. 

Хоёрдугаарт, ойрын 2,3-р сарын цаг агаарын байдал тэр дундаа хоёрдугаар сард их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал. 

Гуравдугаарт, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн. Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ" гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.197.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.