Л.Энх-Амгалан: Ядуурлын гол шалтгаан болсон БОЛОВСРОЛЫН САЛБАРТ шинэчлэл хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-01
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, салбарт дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна. Боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. Улсын Их Хуралд гурван удаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай түшээг салбарын сайдаар томиллоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон өөрчлөлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсынхаа боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөө салбарын яамны хамт олонтойгоо нэг баг болж ажиллана” гэсэн юм.
 
Сайдад нэр дэвшиж, УИХ-ын чуулганаар батламжлагдахаас өмнө тэрбээр БОЛОВСРОЛЫН САЛБАРТ дараах үйл ажиллааг авч хэрэгжүүлнэ гэв. 
 
  • Мэдээж хүнд тархины боловсрол хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд зүрх сэтгэлийн боловсролын чиглэл рүү дэлхий нийт явж байна. Тиймээс боловсролын багц хуулийн хамгийн гол үзэл баримтлалын зарчим бол МОНГОЛ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ёс суртахуунтай, хүнлэг, энэрэнгүй ийм хүн болгох боловсролын тогтолцоо Монгол Улсад хэрэгтэй.
  • Ер нь хүний хөгжлийнхөө гол зорилтуудыг зөв торхойлсон гэж би боддог. Боловсролын зорилго юу вэ гэвэл ерөөсөө л хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх. Энэ бол ганцхан хүүхдүүдийн асуудал биш. Насан туршийн боловсролын асуудал гэж би ойлгодог. Би ойрын хугацаанд хуулийн төслүүдээ өргөн барихдаа энэ зарчимдаа үнэнч байна.
  • Ковидыг ялан дийлэх ёстой, бид Эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Ард иргэдийн орлого, ажлын байрыг хангах чиглэл рүү зоригтой алхам хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Дундаж давхрагын тогтолцоог бий болгох энэ реформ шинэчлэлийг бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхрагын тогтолцоо гэдэг бол боловсролын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэл, ипотекийн, орон байрны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл гэж харж байна.
  • Хамгийн гол амин судас боловсролын салбар дээр надад итгэж энэ том салбарын шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байна. Монголд байгаа ядуурал ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаа энэ бүхэн боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн алдаа онооны үр дүн юм.
  • Боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцөлийн хүрээнд хийх ёстой гэж ойлгодог. Бусад улс орнуудад боловсролын салбарын шинэчлэлийг 10 жил тутамд нэг хийдэг. Боловсрол хамаагүй монгол өрх айл гэж байхгүй. Боловсролын салбарын шинэчлэлийн асуудлуудыг цаг алдалгүйгээр хийх ёстой.
  • Шинэчлэл хийнэ гэж яарах аюултай, Боловсролоор тоглох бүр аюултай. Тиймээс бидний өмнө тулгамдаж байгаа гол асуудал ковидын үед хамгийн их сэтгэл зовоож буй асуудал бол ковидоос болоод орлогоо алдаж байгаа иргэдээс гадна дахиад шинэ үе бичиг, боловсролгүй, сургуулийн танхимд орж үзээгүй 2, 3 дугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг цаг хугацааны эрэмбэ, бодлогын эрэмбэ дараалалд оруулж УИХ-д танилцуулна аа.
  • 2016 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон Оюутны хөгжлийн зээлийн санд 60-70 тэрбум төгрөгийг бид баталж өгдөг байсан. Тэр үед улсын төсөв, эдийн засгийн боломж нь байсан. Ковидын энэ эрсдэлтэй үетэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм байна лээ.
  • Намайг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх үед энэ зээлийн анхны журмыг баталж байлаа. Би энэ санг Их дээд сургуулиудыг санхүүжүүлдэг сан биш жинхэнэ утгаараа оюутнуудаа санхүүжүүлдэг сан байгаасай гэж бодож байна.
  • АХБ-ны судалгаагаар Монголын ядуурлын хамгийн том шалтгаан нь Боловсролын зээл гэж гарсан. 147.000 хүүхэд зээл авч эцэг эх, эмээ өвөө, гэр бүлээ зээлийн төлбөрт унагаадаг. Сургууль төгсөөд дипломгүй, ажилгүйчүүдийн арми руу шилждэг ийм тогтолцоо байж таарахгүй.
  • Оюутны хөгжлийн зээлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлтэд нийцүүлж өөрчлөлт хийх шаардлагатай. Сая засгийн газраас 7,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж одоо гэрээ хийсэн оюутнуудыг санхүүжүүлж байгаа.
  • Цаашдаа шинээр оюутан болсон, цаашлаад 3-4 жил суралцах хүүхдүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргах, арилуааны ббанкуудтай уян хатан схем хийх боломж байгаа гэж бодож байна. 
  • Цахим сургалтын тэгш бус байдал үүсч болохгүй. Онлайн, теле хичээлүүд явж байгаа ч гэсэн нөгөө талдаа боловсролын зааг ялгаа гарах оюултай нөхцөл үүсэх эрсдэл байна. Өнөөдөр 170.000 хүүхэд интернетгүй, компьютер тоног төхөөрөмжгүй, алслагдсан сум, баг дээр амьдарч байгаа. Энэ 170,000 гэдэг маш том тоо шүү. ЕБС-ын 680.000 хүүхдээс 170,000 хүүхдэд сургалтын хоцрогдол үүсч байгаа энэ асуудал руу цаг алдалгүй орно.
  •  
  • Боловсролын салбарын санхүүжилтийг тогтолцоогоор нь харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13,9 их наядыг баталж өгсөн. үүнээс боловсролын албарт 1,7 их наяд төгрөг өгч байгаа. Энэ тоог харахад дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр харагдаж байгаа боловч 1 хүүхдэд оногдож байгаа зардал 517,000 төгрөг. Энэ бол дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт болоод явчихаж байгаа юм.
  • Ерөөсөө боловсролын салбарт ирдэг 1,7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа явчихдаг. Уг нь энэ мөнгө урсгал зардалд биш сургалтын хөтөлбөрт, багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулах ёстой зардал гэж ойлгодог.
  • Миний зүгээс хамгийн түрүүнд барьж авах асуудлын нэг нь боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан нэг тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. Боловсролд тусгасан мөнгө бол хүүхэддээ л очих ёстой, мөнгө бол багш нарт очих ёстой. Өнөөдөр ийм бага үнэлгээтэй цалинтай, нийгмийн хамгаалал нь хангагдаагүй багш нараас ямар ажлын бүтээмж, үр дүн нэхэх вэ. тогтолцоогоор нь харж өөрчлөх шаардлага байна гэж харж байгаа.
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Ахиад ч үргэлжилж 3 хоногт багтааж бүх мэдээллээ авна. 3 хоногт ажлаа эрэмбэлнэ.
  • Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана.
  • Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг (заримдаа энэ чанар маань алдаа болдог), хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог.
  • Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана гэдгээ хэлэв. Би өөрөөсөө улс төрийн манлайллыг, салбарынхнаасаа мэргэжлийн манлайлыг нэхнэ...!!! 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.