Өмнөговь аймагт түргэвчилсэн оношлуурын нөөц дуусаж байгаа тул хангалтад Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо
Үйл явдал
/
2021-02-01

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон нөхцөл байдлаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нарт танилцууллаа.

Үүний зэрэгцээ санал хүсэлтээ мөн уламжлав. Өмнөговь аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Р.Сэддорж "Цогт-Овоо сумын постоор хоногт 200 гаруй тээврийн хэрэгсэл, 300 гаруй иргэн орж ирж байна. Энэ хэрээр эрсдэл их байна. Түүнчлэн маршрутын бус замаар иргэд ихээр орж ирсээр байгаа бөгөөд Цагаанхадны хяналтыг гүйцэтгэхэд дотоодын цэргийн хүчийг урьд нь ажиллуулж байсны адилаар татан авах хүсэлтэй байна. 

Эрүүл мэндийн байгууллагын нэг удаагийн хамгаалах хэрэгслийн болон түргэвчилсэн оношлуурын нөөц дуусаж байгаа тул хангалтад анхаарч өгнө үү. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод PCR шинжилгээний аппарат байрлуулах шаардлагатай байгаа бөгөөд хаанаас байрлуулах нь тодорхой бус болоод байна. Эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппарат, амьсгалын замын аппарат, ариутгалын автоклав зэрэг тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд анхаарахыг хүсье" гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнөговь аймгийг тусгайлан авч үзэх ёстой. Нүүрс, зэсийн экспортыг хэвийн явуулах учиртай. Ер нь боомт бүхий аймгуудыг бусад аймгаас өөр түвшинд авч үзэх хэрэгтэй. Хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа болон түүхий эд экспортлоход саад тотгор байх ёсгүй" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.93.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.