Л.Оюун-Эрдэнэ: "Залуус -1, 2, 3" хорооллыг Ц.Нямдорж дарга бариулна. САЙН БАРИЛГАЧИН хүн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө барилгын салбарынхантай хийсэн уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтарч ажиллах тухай талууд хэлэлцсэн билээ.  Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Та бүхэн өнөөдөр маш тодорхой сэдвээр буюу орон сууцны шинэ хороолол барих талаар ярьж байна. Яаралтай ажлын хэсэг байгуулах хэрэгтэй юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ, Сангийн яам, нийслэл, ЭХЯ, Монголбанк болон Монголын Барилгын Үндэсний Ассоциациас хэдэн хүн оруулаад ажлын хэсгээ хурдан ажилд нь оруулах хэрэгтэй гэж бодогдлоо. 

Дараах асуудалд эхлээд анхаарах хэрэгтэй. 

  1. Газрын асуудал
  2. Эрчим хүчний шугамын асуудал
  3. Дулааны шугамын асуудал гэх гурван зүйлийг нэн тэргүүнд шийдэж, хэн мөнгийг нь гаргаж, яаж санхүүжүүлж, хэн гүйцэтгэхээ бодох
  4. Хэн орох вэ гэдгээ тогтох хэрэгтэй” гэв.

Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараагаар 200 мянга орчим иргэнийг орон сууцжуулах зорилготой Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоор ахлуулахаар уулзалтад урьсан гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Тодруулбал “Ц.Нямдорж даргыг хууль зүйн сайд гэдгээр нь хүмүүс олон жил харсан. Угтаа бол сайн барилгачин хүн юм байна лээ. Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын газар зэргийг харж болно. Харин ажлын хэсгийн дэд даргаар нь Сангийн сайд, Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга ажиллана" гэв. 

Тус хорооллын метр квадрат нь ямар үнэтэй байх тухайд төрөөс үнийн саналаа хэлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх бөгөөд бусад ажил нь зах зээлийн журмаар явна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. 

Уулзалтын эхэнд МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо. Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх орон сууц худалдан авахад амаргүй байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Тухайлбал, уг зорилтод Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буйг тодотгов. Ингэхдээ, хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтална гэдгийг хэллээ. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг онцлов.
 
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хот барихтай холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлэж буйг цохон тэмдэглээд, "Энэ ажил нь нэг яам биш бүх яам, нийслэлийн хамтын ажил. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэг болох боломжтой" хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд "Залуус 1, 2, 3" хорооллыг барихаар бэлтгэж байгааг дурдаад, энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгааг тэмдэглэв. Мөн Хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгааг онцоллоо. "Залуус 1, 2" хорооллыг Улаанбаатар хотод, "Залуус 3" хорооллыг орон нутагт барихаар зорьж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.