Л.Энх-Амгалан: Гуравдугаар сараас эхлэн ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-03

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг саналыг УОК-ын хуралдаанд тавьсан байна.

Санал тавихаас гадна салбарын сайдын хувьд танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа хадгалж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол асуудалтай болж байгаа бөгөөд улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байдаг гэдгийг онцоллоо. Мөн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаас үүдэн танхимын хичээлийг дээрх хугацаанд эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм.

Улсын онцгой комисс хуралдан "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн шинэ улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив.
 
Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. "Ковид-19" цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв. Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд авчрах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.