"Улстөрч агентлаг"-ийн ерөнхий редактор Л.Батцэнгэл АЛТАН ГАДАС одон хүртлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-11
Сэтгүүлч, яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэлийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор шагналаа.

Тэрбээр сэтгүүл зүй, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласаныг ийнхүү төр нь үнэлсэн байна. Л.Батцэнгэл нь Баянхонгор аймгийн Заг сумын уугуул тэрбээр 1998 онд С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургууль буюу одоогийн “Их Монгол” дээд сургуулийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд чадварлаг сэтгүүлч мөн олонд танигдсан яруу найрагч юм.

“Эх орон таймс” сонин, “Өнөөдөр” сонины амралт чөлөөт цагийн дугаар “Ням гариг”, “Хайрын шуудан” сонинд сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ.  Тэрээр “Өнөөдөр” сонин, “Өдрийн сонин”-д ажилласан шилдэг туршлагатай сэтгүүлчдийн нэг бөгөөд “Бөө төрүүлэх гэж бөөн юм болж байна”, “Өмнийн цэнхэр хязгаар Галба, Хүрмэнгийн говиор” цуврал нийтлэлүүд, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан, төрийн шагналт яруу найрагч П.Пүрэвсүрэн, Д.Цоодол нартай хөөрөлдсөн ярилцлагууд зэрэг олон шилдэг нийтлэл туурвилаа уншигч олны хүртээл болгожээ. Түүний ажил байдлыг тодорхойлон дурдвал, 1998 онд хилийн цэргийн төв хэвлэл “Эх орон таймс” сонинд сурвалжлагч, 1998-1999 онд “Өнөөдөр” сонинд сэтгүүлч, 2007-2009 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2009-2010 онд “Нийслэл таймс” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2010-2012 он хүртэл Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. 2020 оноос Улстөрч агентлагт ерөнхий редактороор ажиллаж байна.

Тэрээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болсон Монгол туургатны яруу найргийн “Эзэн хаадын яруу найрагчдын их тулаан” наадмаас мөнгөн медаль, Тайваньд төвтэй “Тогоруут уул” олон улсын яруу найргийн форумын алтан медаль хүртэж, шилдэг бүтээл туурвисны учир 2007 онд төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит шагналаар, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар тус тус  шагнуулжээ. 2011 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс олгодог Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагджээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Батцэнгэл эдүгээ Монгол Улсын өдөр тутмын шилдэг хэвлэл “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж, сэтгүүлзүйн “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд-3”, өгүүллэг хүүрнэл бүтээлийн “Өндгөн толгойт, Солонгон гүеэт тэргүүт өгүүллэгүүд” номуудаа хэвлэлд бэлтгээд байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.82.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.