УИХ-ын удирдлагууд Оюутолгойн гэрээг сайжруулж, Дубайн гэрээг ЦУЦЛАХ ЁСТОЙ гэж үзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-14

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.  Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын Их Хурал санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. 

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр (2021.02.09) анхны хурлаа хийсэн юм. 

2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. 

Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.   

Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана. 

 “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар Улсын Их Хурлын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон Ажлын хэсэг анх удаагаа байгуулагдлаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон  Ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаагаа Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил, гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо Улсын Их Хурал хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол Улсын Их Хурлаас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэв

2019.11.21-ний өдөр  "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын 92 дугаар тогтоолоор Оюу толгойн гэрээ, "Дубайн гэрээ"-г Монгол Улсад ашигтай болгож өөрчлөх, үгүй бол цуцлах үүргийг Засгийн газарт өгснөөс хойш бүтэн 1 жил 2 сар өнгөрлөө. Энэ үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг мөн Парламентаас хийх шаардлагатай. Засгийн газрын зөв, зоримог шийдвэр, үйл ажиллагааг дэмжин хамгаалах, алдааг нь сэрэмжлүүлэн зогсоох ажлыг Парламентаас хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Тэгвэл Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар сар шинийн мэндчилгээндээ...  Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ 7 хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй.  Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна" гэж онцолжээ.

    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.188.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.