Өрх бүрээс шинжилгээ авна
Үйл явдал
/
2021-02-10

Нийслэлийн ИТХ ээлжит III  хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Д.Сумъяабазарын тайлан мэдээллийг сонслоо.


Цар тахлын дэгдэлтийг хумих, тахлаас үүдэлтэй аливаа эрсдэлийг бууруулах хүрээнд НОК шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэн  нийслэлд идэвхтэй байгаа 30 гаруй голомтоос  815 мянган хүнээс /давхардсан тоогоор/ шинжилгээ авчээ. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хамгийн хүнд асуудал болох нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бэлэн байдлын зэргийг бууруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож, хязгаарлахгүй байх бодлого ямагт баримтална, үүнийгээ холбогдох байгууллагад тогтмол уламжилж буйгаа танилцуулгын үеэр дурдсан. Маргаашаас нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжиж буй. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт НОК ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар мөн үеэр танилцуулав. Эдгээр өдрүүдэд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эмийн сан, хүнсний дэлгүүрүүд ажиллана. 

НОК-оос мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулна. Ингэснээр тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд 24 цагийн аль ч хугацаанд холбогдож, мэдээлэл авч болох юм. Түүнчлэн хөл хорионы үеэр өрх бүрээс шинжилгээ авна. Өдөрт 40 гаруй мянган иргэнээс шинжилгээ авах бөгөөд ингэхдээ идэвхтэй байгаа 30 гаруй голомт, 116 цэгийн тандалтаар нийтдээ 210 газарт шинжилгээ хийнэ гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.