Баясаж итгэ, бахдаж ерөө!
Үйл явдал
/
2021-02-20
Хүмүн таны сэтгэлд ухаарлын наран мандаж байг
Хүрэн алаг зүрхэнд тань хайрын цэцэгс дэлбээлж байг
Хүн сайхан биеэс тань үнэний үнэр ханхалж байг
Хүрдэн сайхан орноос тань үүрдийн солонго татаж байг!
Зөөлөн дулаан сэтгэлд тань зөв бүхэн хурлаж байг
Зөгнөх сайхан ухаанд тань зөн билиг бялхаж байг
Зорьсон их үйлст тань зол жаргал тосож байг
Зориулсан их буянд тань бурхад бүхэн баясаж байг!
Харсан их тэнгэрт тань хүч дандаа хурлаж байг
Ханагар сайхан өргөөнд тань хайр дандаа бялхаж байг
Харамгүй дэлгэр сэтгэлд тань буян бүхэн хурж байг
Халирамгүй дайчин итгэлд тань үйлс бүхэн бүтэж байг ээ!
Өөртөө ерөөдөг сайхнаа хүмүн бүхэнд ерөөж бай
Өөртөө хүсдэг жаргалаа өрөөл бусдад хүсч бай
Өөрөөс илүү сайханд өөрийн юм шиг баясч бай
Өнөөдрөөс илүү сайханд өдөр бүр итгэж бай!
 
Б. Эрдэнэтуяа
 
2021.2.19
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.