Ц. Гүррагчаа: "Ирээдүй хойч үеийнхээ төлөө том үйлс бүтээнэ” гэдэгт хүн бүхэн хүсэж байгаа гэдэгт итгэж байна
Үйл явдал
/
2021-03-01
УИХ-ын гишүүн, БШУ-ны САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
 
Эрхэм сайд таны амар амгаланг эрж мэндчилье !
 
Юуны өмнө, Монголын боловсролын байгууллагуудын өнөөгийн байдлын талаарх сайд таны ойлголт, үзэл бодол, дүгнэлт, шуурхай авч буй шийдэл зэргийг талархан харж буй ахмад багш нарын нэгэн болохоо илэрхийлье !
 
Таны сүүлийн үед мэдэгдээд байгаа: “Боловсролын тэгш бус байдал”, “Боловсролын салбарын төсөв, санхүүгийн зарцуулалт” зэрэг олон асуудлыг “Төр өөртэйгөө холбоотой” гэж үзсэн дүгнэлт өвөрмөц санагдлаа. Учир нь: Урьд өмнөх сайд нар, төрийн эрхэм түшээдээс асуудлын бурууг ингэж “Өөрсдөөсөө буюу төрөөсөө” эхэлж хайсан, холбож дүгнэсэн нь ховорхон санагдах юм. Та олон жил улиг болгон ярьж ирсэн асуудлыг давтах биш харин дутагдал, хоцрогдлын эх үндэс буюу “Зовлонгийн шалтгаан”-ыг эрж хайж байгаа нь нэн сайхан байна.
Ингээд би, боловсролын салбар дахь олон асуудлаас зөвхөн “БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ, ТЭГШ БУС БАЙДАЛ” -тай холбогдох, амьдрал дээр илээс ил байдаг ч тэр бүр чухалд үздэггүй ЕБС-ийн хүрэлцээний асуудлыг тодруулан бичихийг хичээж байгааг минь тунгаан болгоож үзнэ үү.
 
“БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ, ТЭГШ БАЙДАЛ” гэдэг бол “Монголын үрс сурах, хөгжих, эрүүл өсөх, боловсроход шаардлагатай сургалтын орчин нөхцөл, агуулга, хөтөлбөр, багшлах боловсон хүчин гээд бүхий л бололцоогоор эрх тэгш хангагдах ”-тай холбоотой болохыг хүн бүхэн мэдэх билээ.
 
Гэвч манай ЕБС-ийн “Хүртээмж дутуу, тэгш бус” болсоор олон жилийг үзэж байна. Үүний гол буруутан нь “ТӨР ӨӨРӨӨ” гэдэг таны дүгнэлтийг бүрэн дэмжиж байна. Үүнийгээ дараах зүйлүүдээр тодруулахыг хичээе.
 
Нэг. Хүн амын суурьшлын бодлого алдагдсанаас хот, хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ачаалалд эрс ялгаа гарсан. Хөдөөгийн сургууль нь хүүхэдгүй шахуу болж, мэргэжлийн багш нараар дутагдсан. Харин хотынх бол эсрэгээрээ. Боловсролын “Хүртээмжгүй, тэгш бус байдал”-ын эх ингэж тавигдсан гэж бодно.
 
Хоёр. “ХҮРТЭЭМЖГҮЙ, ТЭГШ БУС ” байдал хөдөөгөөс илүү, нийслэл хотод маань эрс нэмэгдсээр ирлээ. Үүний жишээ бол:
 
- Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын улсын ЕБС бүгд бүтэн хоёр ээлжтэй. (Зарим нь 3 ээлжтэйгээ байж магадгүй).
- Ачааллын коэфициент буюу хүүхдийн тоо нь 2.0-оос дээш, нэг ангид 40-60 зарим нь 70 шахсан байна. Энэ нь ТӨР, хотын хүн амын өсөлт, байршил, суурьшилтайгаа уялдуулж сургуулийн барилга хүрэлцээтэй бариагүйтэй холбоотой.
- Сүүлийн 30-аад жил “ЖАЙКО” төслийн хэдэн өргөтгөлүүд, захын хороололд барьсан цөөн хэдэн шинэ сургуулийг эс тооцвол “ЯГ ҮНЭНДЭЭ соц. үеийн хэдэн сургууль л ачааны хүндийг үүрч явна” гэж бодох юм.
 
ЕБС ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС ҮҮДЭЖ БУЙ ИЛ ТОД СӨРӨГ ҮР ДАГАВАР:
 
1. Нэг ангид ХЭТ ОЛОН хүүхэд сурдаг тул сурагч бүр жигд сайн суралцах, багш нь хүүхэд бүртэйгээ ажиллах нөхцөл боломж нэн хомс болдог.
2. Физик, хими, биологи болон бусад шинжлэх ухааны лаборатори, туршилт, дадлагын ажлаас эхлээд сургалтын бие даасан олон ажлууд хүртээмжтэй явагдах аргагүй.
3. Нэг ангид олон хүүхэд, хоёр ээлжээр 40 минутын 4-7 хичээлийг 5 минутын завсарлагаатай хичээллэх тул агааржуулалт, чийглэг, цэвэрлэгээнээс эхлээд эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй.
4. Биеийн тамирын заал, урлаг соёлын танхим, номын сан хүрэлцээгүй тул нэг цагт 2-3 анги зааланд орох, өрөө тасалгаа, танхим, цаг боломж аль аль нь олдохгүйгээс сурагчид нь бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх асуудал нэн хязгаарлагдмал байдаг.
5. Ихэнх сургуульд хүүхдүүд чөлөөтэй тоглож наадаж, амрах, жагсах, завсарлах гадаад орчны стандарт талбай хомс, эсвэл бүр байхгүй, байсан нь байхгүй болсон харагддаг.
6. Хуучны сургуулиудад зориулалтын хоолны газар үгүй, байгаа нь багтаамжгүйгээс дунд, ахлах ангийнхан боломжоороо цай, ундаа уухад хэцүү, бага ангийнхан “Үдийн цай”-гаа ангидаа тав тохь муутай орчинд “уудаг” нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй зэрэг ихээхэн бэрхшээлтэй орчин нөхцөлд “Монгол хүүхэд, монгол багш нар тулдаа л аргагүй дааж явна” гэхэд хилсдэхгүй болов уу.
 
ЭДГЭЭР НЬ зөвхөн ил тод байгаа бодит байдал бөгөөд ДАЛД сөрөг үр дагаварыг цаг, цаас хэмнэн хураангуйлаад ганц нэг зүйл бичье. Үүнд:
Маш олон хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй эсвэл огт байхгүйгээс хүүхдээ хол зөөхөөс эхлээд түгжрэл, бензин тос, төлбөр тооцоо гээд олон зардал чирэгдэл болохоос гадна энэ нь нөгөө бусад сургууль, цэцэрлэгийнхээ ачааллыг хэт ихэсгэж байгаа гол шалтгаан, хүчин зүйлийн нэг билээ!
Ер нь Улаанбаатар хотын замын түгжрэл, саатлын нэг үндэс шалтгаан нь энэ болохоос гадна бага насны хүүхдийн ирж, очих үеийн амар тайван, аюулгүй байдалд сөрөг нөлөө ихтэй гээд юу эс байх вэ.
 
Боловсролын хүртээмж, тэгш бус гэдгийг голчлон хөдөө, хот, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй эсвэл баян, хоосны ялгаа, улмаар хувийн сургуультай холбож ярих нь их анзаарагдах юм. Ташрамд дурдахад миний ойлголтоор хувийн сургуулиуд харин ч үлгэр жишээ үзүүлж, ачааллыг тэгшитгэж байгаа гэж боддог.
 
Боловсролын талаарх энэ их олон асуудлуудыг төрийн зөв мэргэн бодлого, багш нар, түмэн олны хүчээр засаж залруулахад болохгүй юмгүй. Ганц хэцүү ажил нь: “НИЙСЛЭЛ ХОТЫНХОО сургууль, цэцэрлэггүй энэ олон хотхон, хорооллыг яах вэ? Яаж, хэзээ, хэрхэн барилга байгууламжийг нь барьж орчин үеийн стандартад нийцүүлж улмаар “ХҮРТЭЭМЖГҮЙ, ТЭГШ БУС БАЙДАЛ”-ын үндэс уурхайг арилгах вэ?” гэдэг л хамгийн хүнд асуудал юмдаа! гэж олон жил бодож, бичсээр яваа санаагаа илэрхийлж байгааг таны мэргэн оюун болгооно буйзаа.
 
ЭРХЭМ САЙД Та, энэ асуудлыг онцгойлон анхаарч “Ирээдүй хойч үеийнхээ төлөө том үйлс бүтээнэ” гэдэгт хүн бүхэн хүсэж байгаа гэдэгт итгэж байна !
Өмнөх үеийнхээ дутуу дулимагийг засах, шинэ шинэ зүйлийг нэмж хойч үеийнхэндээ зориулан бүтээхийн аль аль нь хүнд, хэцүү боловч хэн нэгэн хүнд тохиох зайлшгүй хувь заяаны зам мөр билээ!
 
 
 
1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно
 
ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН:
Ахмад багш Цэвэгсүрэнгийн ГҮРРАГЧАА.
2021 оны 2 сарын 26-ны билигт сайн өдөр илгээв.
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.