А.Гансүх: Шинэ, хуучин Ерөнхий сайдууд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН "ЭСРЭГ" ажиллаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-09

Тэрбээр "Өнөөдөр зарим хэвлэл Үндэсний аюулгүй байдлын алба хаагчид 20 сая доллар оруулж ирсэн мэтээр хуурамч, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараалаа. Энэ бол гүтгэлэг гэдгийг маш хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг би улс төрийн зорилготой байх гэж таамаглаж байна.

ҮАБЗ бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид бүгд төрийн албаны тангараг өргөхөөс гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид байдаг. Энэ албан хаагчид Үндэсний аюулгүй байдлыг болон Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ хуулийн хүрээнд чин шударгаар, нэр төртэйгөөр биелүүлж яваа гэдгийг хэлье. Манай албан хаагчид томилолтоор ажилласан. Тухайн үед онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ажиллагаа далд хэлбэрээр явагддаг бөгөөд ямар нэг сурталчилгаа хийдэггүй. Манай алба хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл автомашинаар яваад буцаж ирсэн. Тухайн алба хаагчид УОК-оос хуулийн дагуу бүх зөвшөөрлөө бичгээр авсан бөгөөд ирсэн хойноо тусгаарлагдсан. Мөн тэдний унаж явсан автомашинуудыг гааль, хяналтын байгууллага шалгасан. Тэр машинд ямар нэг хууль бус мөнгө байгаагүй. Байх ч боломжгүй.

Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон хуучин Ерөнхий сайд нарын хооронд үүссэн улс төрийн ийм зөрчилтэй нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Хил хамгаалах байгууллага, Гааль, Цагдаа, Тагнуул гээд бүгд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд байдаг, Засгийн газрын байгууллагууд. Тэдгээр байгууллагыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломж байхгүйг ядаж бодож үз. Ийм тэнэг ажиллагаа ч хийхгүй. Үүнийг эрх мэдэлтнүүд л хийдэг байх. Яг дээрх байгууллагуудыг удирдаж буй эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг. Үүнийг та бүхэн эрүүл ухаанаар бодоод үз. ҮАБЗ-ийн ажлын алба бол улс төржөөгүй үлдсэн ганц байгууллага. Энэ байгууллагынхаа үйл ажиллагааг битгий цаашид улс төржүүлээч. Улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг улстөрчдөд хандаж хэлмээр байна. Бидэнд хууль зөрчсөн нэг ч үйл ажиллагаа байхгүй гэдгийг дахин хэлье” гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ҮАБЗ-ийн ямар албан тушаалтан яах гэж ОХУ руу явсныг тодорхой тайлбарлахгүй юу?

ҮАБЗ-ийн албан хаагчид л явсан. Яг ямар ажлаар явсныг хэлэх боломжгүй. Манайх албаны болон төрийн нууцыг хамгаалдаг байгууллага. Нууцын зэрэглэлтэй үйл ажиллагааг би олон нийтэд дэлгэж чадахгүй, танилцуулах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу явагдсан гэдгийг дахин хэлье.

-н.Бямбацогт гэх хүн хилээр гарчхаад буцаж ирээгүй гэх мэдээлэл гарсан. Хэвлэлээр гараад буй гурван хүн танай ажилтнуудын нэр мөн үү?

-Тэр гурван хүн манай ажилтнууд мөн. Үүнээс өөрийг тайлбарлах боломжгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.