Үйлчилгээний газруудыг 21:00 цагаас хойш ажиллуулахгүй
Үйл явдал
/
2021-03-10

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг өнөөдөр /2021.03.10 / мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулжээ. Вакцин хийлгээд 40 хоногийн дараа дархлаа  тогтож байгаа учраас үүнээс өмнө халдвар авсан тохиолдолд вакцины үр дүн гарсангүй гэсэн сөрөг мэдээлэл гарах аюултайг тэд онцолж байна. Иймд маск зүүж халдвар хамгааллыг сайтар сахих шаардлагатай. Вакцин хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Иргэд тайвширснаас үүдэж халдварын тархалт эрс нэмэгдэж байна гэдгийг анхааруулсан юм. Мөн өнөөдөр УОК-ын даргатай  тус ажлын хэсэг уулзах тов гарчээ. Тус үеэр  хатуу  хөл хориог тогтоохгүйгээр улбар шар түвшин рүү оруулж, 21:00 цагаас хойш үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх саналыг гаргах юм.

Түүнчлэн тус ажлын хэсэг вакцинжуулалтын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт болон хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар вакцинжуулалтын цэгүүдэд ажилласан байна. Ажлын хэсгээс дараах дүгнэлтүүд гарчээ.

  • Дархлаажуулалтын тухай хуульд тархвар судлалын заалтыг илүү хариуцлагажуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Дархлаажуулалтыг эрүүл ахуйн эмнэлгийн орчинд хийх.
  • Цэгүүдэд халдвар хамгаалал алдагдах эрсдэлтэй иргэд цаг барихгүй байх, хэт бөөгнөрөл үүсгэх хандлагатай байгаа учраас үүнд онцгойлон анхаарах,
  • Эмнэлгийн орчинд иргэдийн бөөгнөрөл үүсч байгаа тул уг орчинд ариутгал, халдвар, хамгааллыг сайтар сахих
  • Covid-19 халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд урвуу хамааралтай байх,
  • Дархлаажуулалт хийж байгаа эмч, сувилагч ажилтнуудын цалин урамшуулал, шаардлагатай урсгал зардлуулыг зайлшгүй шийдвэрлэх гэсэн дүгнэлтүүд гарсан байна.

Мөн тус ажлын хэсгээс гарсан саналуудыг гаргажээ.

  • Цахим дархлаажуулалтын пасспортын нэгдсэн сүлжээг бий болгох шаардлагатай.
  • Вакцины захилга, нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох,
  • Иргэддээ олон төрлийн вакцинаас сонголт хийх боломжийг олгох,
  • Вакцинд хийлгэх нэг хүнд зарцуулах хугацаа 40-50 минут байгаа нь хэтэрхий удаа байна. Энэ хугацааг багасгаж, зохион байгуулалтыг сайжруулж, том талбайд вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах,
  • Ард иргэдийг зөвлөгөө, зөвлөмж мэдээллээр хангах, вакцин хийлгэсний дараа үзүүлэх хариу урвалуудын талаарх мэдээллийг сайтар өгөх,
  • Дархлаажуулалтыг хийж буй эмч, ажилтнуудын цалин урамшуулал болон урсгал зардлын санхүүжилтийг шийдвэрлэх,

Дархлаажуулалт хийх чадвар бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дархлаажуулалтын ажилд оролцуулахад анхаарах зэрэг саналуудыг гаргаад байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид, 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН–үүдийн ажилчид багтжээ.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.