Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн орхон аймгийн иргэдээ татан авна
Үйл явдал
/
2021-03-12

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж хот хоорондын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зохицуулалт хийж байгаагаа мэдээллээ. 

          Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ 3-р сарын 15-ыг хүртэл одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу явагдана. Үүнээс хойш Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд 1 дэх болон 3 дахь өдрүүдэд, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд 2 дахь болон 4 дэх өдрүүдэд тус бүр нэг нийтийн тээвэр явуулахаар зохион байгуулалтыг хийлээ.
            Сүүлийн үед Улаанбаатар хотоос албан томилолт болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд олноор ирж байна. Энэ үйл ажиллагааг хязгаарлана. Иймд хязгаарлалт тогтоосон энэ хугацаанд Улаанбаатар хотоос зөвхөн Орхон аймгийн харьяат иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн. 
        Улаанбаатар хотоос орон нутагтаа ирэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд авто тээврийн төвөөс шинжилгээний хариуг үндэслэн нийтийн тээврээр зорчих тасалбар бичигдэнэ. 
         Мөн халдвар тархаад байгаа Завхан аймгийн шилүүстэй сум, Төв аймгийн Зуунмод сумаас ирэх хүсэлтэй манай аймгийн харьяат иргэн байвал тухайн аймгийн онцгой комисстой мэдээлэл солилцож  PCR шинжилгээний хариуг үндэслэн татан авах асуудлыг шийдвэрлэнэ. Бусад ногоон бүс болсон аймгаас зорчих хөдөлгөөн хийх боломжтой. 
        Хот хоорондын такси үйлчилгээний хувьд Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлд зорчих такси аймгийн шуурхай штабд хүсэлт гаргаж тус хүсэлтийг үндэслэн авто тээврийн төв захиалгын дагуу такси үйлчилгээг гаргах боломжтой ажээ. Бусад чиглэлийн такси үйлчилгээ  хэвийн явагдана. 
         Үүнээс гадна 4-р сарын 1-ийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, урлаг спортын тэмцээн уралдаан, цуглаан зэргийг хориглосон захирамж хэвээр үйлчилнэ. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.98.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.