Д.Өнөрболор: Их дээд сургуулийг үйлдвэрлэл, технологийн чирэгч оюун санааны төв болгох хэрэгтэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-16

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулдаг болсонтой холбоотойгоор УИХ-ын хаврын чуулган ийн гуравдугаар сард эхэлж байгаа юм.

Энэ удаагийн чуулганаар нийт 50 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр товлоод буй. Хаврын чуулганы онцлог, хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболороос тодрууллаа.

-Юун түрүүнд та өнгөрсөн намрын чуулганы үр дүн, онцлогийг юу байсан гэж хэлэх вэ?
-2020 оны намрын ээлжит чуулганы гол онцлогууд бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу төрийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох ялангуяа хараат бус, шударга Шүүхтэй болгох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн байсан.

Үүний зэрэгцээ хүн төрөлхтөнийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх, байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан цахим хэлбэрээр хийгдэх шаардлагатай болсон зэрэг байлаа.

Хаврын чуулган өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад нэн чухал олон хуулиудыг хэлэлцэж батлахаар байна

Миний бие Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бол эрх зүйн шинэчлэлийн хамгийн том илэрхийлэл болсон хууль бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэн хэлэлцүүлгийн шатанд санал бодлоо илэрхийлж, холбогдох хуралдаануудад саналаа хүргүүлэн батлалцахад хувь нэмрээ оруулсан.

Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчлэлийн хугацаа сунгах хэлэлцүүлгийн үед судалгаанд суурилсан саналуудыг ажлын хэсэгт өгч ажилласаны зэрэгцээ Монгол Улсын сайд, Улсын онцгой комиссын даргад Солонгос улсын энэ талаар хийж буй ажлуудын талаар мэдээлэл, лавлагааны товхимол бэлтгэн хүргүүлж ажилласан болно.

-Харин энэ удаагийн чуулганы онцлог юу байх бол?
-Хаврын чуулган өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад нэн чухал олон хуулиудыг хэлэлцэж батлахаар байна. 2021 оны хаврын чуулганы гол онцлог бол Бага үндсэн хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчлэлтэй шууд уялдан хийгдэх Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ.

Үүний зэрэгцээ нийгмийн шинжтэй суурь харилцаанууд болох Байгаль орчин, Ашигт малтмал, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал, Газрын харилцааны зэрэг хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээрээ онцлог.

Мөн цаг үеийн шинжтэй буюу Ковид 19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд нэн шаардлагатай эрх зүйн зохицуулалт хийгдэх нь тодорхой байгаа юм.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ЗОХИЦУУЛАЛТГҮЙ БАЙСАН ОЛОН АСУУДЛЫГ ТУСГАСАН

-УИХ-ын гишүүний хувиар бүх хуульд анхаарал хандуулах байх. Гэхдээ энэ удаагийн хэлэлцэх 50 хууль, тогтоомжоос онцгойлон анхаарал хандуулах нь аль байх бол?
-Хөдөлмөрийн тухай хууль байна. Шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн шинэлэг зохицуулалтууд орсон. Тухайлбал хөдөлмөрийн харилцаанд хүйсийн ялгамжтай байдлыг арилгаж, эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхалтыг арилгах зорилгоор өмнө байсан эмэгтэй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг Засгийн газар баталдаг байсан зохицуулалтыг арилгасан.Аавын долоо хоног” гэж нэрлэдэг ч хэрэгжилт нь тухайн байгууллагаас хамаарч өөр байсан асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн

Мөн “аавын долоо хоног” гэж нэрлэдэг ч хэрэгжилт нь тухайн байгууллагаас хамаарч өөр байсан асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт нь ажил олгогч ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөө олгож, тухайн хугацаанд нь дундаж цалингаар олговор олгох заалтыг оруулсан нь нэг давуу тал болж байна.

Дараагийн нэг шинэлэг зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг зэрэг ойлголтуудыг илүү тодорхой, нарийвчилсан байдлаар тусгаж тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон гомдол мэдээллийг хүлээн авах шийдвэрлэх албан тушаалтныг томилохыг ажил олгогчид үүрэгжүүлсэн.

Мөн нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэх тэгш байдлыг хангахын тул хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахыг дэмжих зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд байдаг бол шинэ хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрдлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах байдлаар дэмжлэг үзүүлдэг ажил олгогчийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөх зохицуулалт нэмэгдэж байгаа. Ажлын байрны тэгш бус байдлыг бий болгодог дараагийн нэг зохицуулалтгүй байсан мэргэжлээрээ дадлагажигчаар ажиллахтай холбоотой асуудлыг тодорхой тусгаж тухайн дадлагажигчийн цалин хөлсийг тухайн ажлын байрны үндсэн цалингийн 70 хувиас багагүй байхаар оруулсан зэрэг нэлээд ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэхээр байна.

Дадлагажигчийн цалин хөлсийг тухайн ажлын байрны үндсэн цалингийн 70 хувиас багагүй байхаар оруулсан

Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Миний сонгогдсон УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт 6 тосгон бий. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2020 оны 12-р сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан. Үүнийг дагаад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах ёстой.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжлийн удирдлагын чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэхдээ хотын зэрэглэл, тосгоны онцлогийг харгалзах тухай заасан. Энэ асуудлыг УИХ шийдвэрлэх тул бие даасан уулийн зохицуулалт шаардлагатай болж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ахалсан ажлын хэсэг өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн төслийг баталснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон, Сайхан сумын Номгон тосгон, Шаамар сумын Дулаанхаан тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгоны чиг үүрэг тодорхой болох учиртай.

БИОТЕХНОЛОГИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-УИХ-ын дарга онцлох хуулиудад Боловсролын багц хуулийг нэрлэсэн. Таны хувьд багц хуулийн төсөлд ямар асуудлыг тусгах нь зүйтэй гэж бодож байна вэ?
-Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулиудын нэг бол Боловсролын багц хууль. Багц хуулийн төсөлд УИХ-ын гишүүд идэвх, санаачилгатай ажиллаж байна. Миний хувьд Боловсролын багц хуульд шинжлэх ухаан технологийн салбар нэн ялангуяа их дээд сургуулийг үйлдвэрлэл технологийн чирэгч оюун санааны төв болгох чиглэлээр ахиц дэвшил гаргахыг илүү анхаарч санал бодлоо тусгуулна гэж бодож байна.

Жишээ нь, биотехнологийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх ёстой. Учир нь улс орнууд анагаах ухаан, эм, эм бэлдмэл, вакцин, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, эрчим хүч болон хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудад биотехнологийг түлхүү ашиглаж, Засгийн газрууд үндэсний бодлогодоо биотехнологийн хөгжилд илүү ач холбогдол өгч ажиллаж байна шүү дээ. Коронавирусийн цар тахлын дараах дэлхий ертөнцөд шинжлэх ухаан, аж үйлдвэр хоёрын амин холбоо улам л илүү шаардагдах тул энэ тал дээр түлхүү санал бодлоо тусгах бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.