Л.Энх-Амгалан: Он дуустал сургуулийг нээхгүй бол 2 жилийн хоцрогдол үүснэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-16

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Энэ үеэр он дуустал сургуулийг нээхгүй бол 2 жилийн хоцрогдол үүсэхээр байгааг онцолжээ

Сайд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжид ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаар байна. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм. Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно. Энэ Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан. Иймээс энэ ажилд хамтарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг дурдлаа.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ. Иймээс салбарын багц хуулиудыг удахгүй өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ.

Энэтхэг улсаас Монгол Улсад  суугаа  Элчин сайд М.П.Сингх боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг боломжит бүх аргаараа дэмжин ажиллахаа хэлээд сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлэгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа. Мөн багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой гэлээ. Үүнээс гадна Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монгол инженер, мэргэжилтнүүдийг сургах ажил амжилттай үргэлжилж байгааг тодотголоо.

Энэтхэгийн Засгийн Газраас ковидын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ноён элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ. Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшаа вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшаа хамруулах төлөвлөгөө байгаа.
Монгол Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлье. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг.
Энэтхэг Улсын ЗГ-ын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технолгийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.
Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье.
Цаг алдах тусам энэ хөнгөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан маань өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой.

Жил бүр 5000 оюутныг сургах Энэтхэгийн Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан.  Уг сургалтын төвийн ажлыг эрчимжүүлэх, заавал барилгын ажлыг хүлээхгүй өөр гарц шийдэл олж эхлүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.